Иений ханш ам.долларын эсрэг 34 жилд байгаагүй доод хэмжээнд хүржээ
Лхагва гарагт /2024.03.27/ Япон иений ханш ам.долларын эсрэг 34 жилд байгаагүй доод хэмжээнд хэсэг хугацаанд хүрсэн байна. Тодруулбал нэг ам.доллар 151.97 иентэй тэнцжээ.
Энэ нь 1990 оноос хойш үзэгдээгүй ханш юм. Үүний дараа Японы Сангийн сайд Шүничи Сүзүки иений ханш хэт сул буйн эсрэг шийдэмгий алхам хийхээ мэдэгдсэний дараа ханш бага зэрэг өссөн байна.
Япон улс хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард нэг ам.доллар 151.94 иен хүрэхэд арга хэмжээ авч, зах зээлээс их хэмжээний иен худалдан авч ханшийг чангатгасан юм.
Лхагва гарагийн орой Японы Сангийн яам, Санхүүгийн үйлчилгээний хороо, Төв банкны албан тушаалтнууд санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр шилдэг валютын дипломатч Масато Кандатай уулзсан байна.
Тэдний уулзалтын тухай мэдээ гарсны дараа хөрөнгө оруулагч нар дунд засгийн газраас иен худалдан авч магадгүй гэх яриа гарч, ам.долларын эсрэг иений ханш өсөхөд хүргэсэн юм
Эх сурвалж: EGUUR.MN