Хакерууд 24 цагийн дотор Австралийн иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг задлахаар сүрдүүлжээ
Австралийн хамгийн том эрүүл мэндийн даатгалын компани харилцагчдынхаа хувийн мэдээллийг кибер гэмт этгээдүүдэд алдаад байгаа юм.
Тэгвэл халдлагад өртсөн Medibank компани барьцааны мөнгө төлөхөөс татгалзсан тул бараг 10 сая харилцагчийнх нь хувийн мэдээллийг 24 цагийн дотор задлахаар хакерууд заналхийлсэн байна.
Medibank компанийн гүйцэтгэх захирал Дэвид Кочкар өнөөдөр харилцагчдадаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, гэмт хэрэгтнүүд тэдэнтэй шууд холбогдож болзошгүйг сануулжээ. Medibank хакеруудад мэдээллийн сангаа алдсан тухай аравдугаар сарын 19-нд эрх баригчдад мэдээлж байв.
Эхлээд тус компани 4 сая харилцагчийн мэдээллийг алдсан гэж үзэж байсан бол энэ долоо хоногт 9.7 сая болгон шинэчилсэн юм.
Өчигдөр “Extortion Gang” нэр ашигласан блоггер хууль бус интернэт (dark web) сайтад хулгайлсан мэдээллээ 24 цагийн дотор ил байрлуулахаар сүрдүүлж, хүмүүст Medibank-ийн хувьцаагаа зарахыг уриалж байжээ.
Кочкар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст хакеруудын нэхсэн мөнгийг төлөхгүй байхаар шийдсэнээ өнөөдөр тайлбарласан байна. Мөнгө төлснөөр харилцагчийн мэдээлэл аюулаас аврагдах баталгаа байхгүй, ингэвэл гэмт хэрэгтнүүд улам өөгшиж, Австралийн илүү том байгууллагын мэдээллийг хулгайлах сэдэлтэй болно гэж үзжээ.
Сүүлийн үед Австрали улсад кибер гэмт хэргийн гаралт хурдтай нэмэгдэж байгаа. Есдүгээр сараас хойш тус улсын найман том компани халдлагад өртөж, долоон минут тутамд нэг халдлага бүртгэгдэж байгааг өнгөрсөн долоо хоногт гаргасан засгийн газрын тайланд мэдээлжээ.
Эх сурвалж: Ikon.mn