ЭМГЭНЭЛ
Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестийн дарга асан Л. Лхамсүрэн нь 2022 оны 11-р сарын 09-ний өдөр өвчний улмаас таалал төгсөн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олон бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Лувсандашийн Лхамсүрэн нь 1946 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Чулуутын голд малчин ард М. Лувсандашийн 4-р хүү болж төрсөн. Тэрээр Улаанбаатар хотын 18-р сургуулийг онц дүнтэй төгссөн ба ажил амьдралын гараагаа аж үйлдвэрийн комбинатад засварчнаар эхэлж 1966 оноос Монгол улсын томоохон 10 аж үйлдвэрүүдийн барилга, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байлаа.
Монгол Улсын Их Сургуулийн Сантехник, дулааны инженерээр суралцаж төгсөөд Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний яаманд мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн.
1965-1974 онд Аж үйлдвэрийн комбинатад засварчин
1974-1978 онд Монгол Улсын Их Сургуульд Сантехник, дулааны инженер
1978-1981 онд Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний яаманд мэргэжилтэн
1981-1984 онд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах газарт нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженер
1984-1992 онд Улаанбаатар хотын Барилга Засварын Нэгдсэн Трестэд дарга
1992-2022 онд Сутайн Тэргүүн ХХК үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
1998-2022 онд Ихэр Сутай ХХК үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж байв.
Ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, бусдыгаа манлайлан өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан тул мэргэжилтнээс яамны орлогч дарга буюу ерөнхий инженерээр томилогдон есөн жилийн хугацаанд ажилласан.
Барилга засварын нэгдсэн трест нь байнгын алдагдал, доголдолтой ажилладаг байсныг зөв удирдлагаар манлайлан зохион байгуулж үйл ажиллагааг нь шинэ түвшинд хүргэн улмаар БЗНТ нь салбартаа тэргүүний байгууллагаар шалгарч 1988 онд “Үүрд хадгалах туг” дипломоор шагнагдаж байсан.
Тэрээр Монгол улсад барилгын материалын жижиглэн худалдааны “Анхдагч” болж 1992 онд нээн ажиллуулж байсан нь одоогийн 100 айл орчмын 150 гаруй барилгын материалын жижиглэн болон бөөний худалдааны нийт 17,000 хүний ажиллаж амьдрах эх суурийг тавьсан билээ.
Тэрээр хүндийн өргөлтийн спортын мастер цолтой бөгөөд Монголын хүндийн өргөлтийн холбооны удирдах зөвлөлд ажиллаж байсан.
Монгол улсын барилгын салбарын хөгжил, шинэчлэлтэд оруулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлэн “Хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одон”, “Алтангадас одон”, “Алдарт барилгачин”, “Тэргүүний барилгачин”, “Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яамны тэргүүний ажилтны цол” тэмдгээр тус тус шагнаж байсан.
Мөн Монголын хүндийн өргөлтийн спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Чингис Хаан одон”, Монгол улсад биеийн тамир спорт үүсэж хөгжсөний 90-н жилийн ойн медалиар шагнаж байсан.
Талийгаачийн улс эх орон, байгууллага хамт олон, анд нөхдийнхөө төлөө хийсэн хөдөлмөр хичээнгүй, нөхөрсөг, зарчимч, хүнлэг зан чанар нь бид бүхний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Хань, ах, эгч, дүү, үр хүүхдүүдээс нь