Ц.Мөнхцэцэг: Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг арилгах нь чухал

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг уг хуулийн төслийн гол зорилт бол хохирогчийн эрхийг сэргээх, сэтгэл санааны хохирлын хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох үнэлгээ хийх эрх зүйн орчныг ОУ-ын жишигт нийцүүлэн шинээр бүрдүүлэх учиртай талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан тул хохирсон, хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээдэг тогтолцоо бүрдүүлэхэд энэ хууль чиглэх ёстой.

Монголын эрх зүйн тогтолцоо өнөөг хүртэл гэмт хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх буюу яллах асуудлыг л гол болгож байсан болохоос  хохирогчийн эрхийг сэргээхэд төдийлөн анхаарал тавьж байсангүй. Иргэний хууль нэр төр, алдар хүндээр сэтгэл санааны хохирлыг хязгаарладаг. Одоо байгаа практик дээр гэм хорын нэхэмжлэл гаргалаа гэж бодоход ямар хохирол гарснаа нотлох баримтаар цуглуулж, шүүхийн өмнө танилцуулж, зардлаа нөхөн төлүүлнэ гэдэг зарчим бий. Гэвч энэ заалт бодит амьдрал дээр учир дутагдалтай байгаа. Сайн өмгөөлөгчтэй бол сэтгэл санааны нөхөн төлбөрт хэдэн арван сая төгрөг гаргуулж авах, сайн өмгөөлөгч олж авах хөрөнгө мөнгөгүй хүн бол сэтгэл санааны гэм хороо арилгуулж чадахгүй хохироод үлддэг.

Хохирогчийн эрхийг бүрэн дүүрэн сэргээж чадахгүй байна. Гэтэл сэргээж болохгүй эрх гэж бий. Ийм үед нөхөн төлбөр олгох ёстой. Өөрөөр хэлбэл сэтгэл санааны хохирлыг тогтоох хэрэгтэй.

Гэмт хэргийн хохирогч болсоны улмаас үүссэн сэтгэл санааны хохирол бол бүх зүйлд нөлөөлдөг. Амьдралд хэвийн оролцож чадахгүй болно. Өөрийгөө тусгаарладаг. Ялангуяа гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, өсвөр насныханд урт хугацаанд үргэлжлэх сэтгэл зүйн хор уршиг үүсдэг, амиа хорлоход хүргэдэг.

Бие махбодийн гэмтлийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гээд тогтоодог шиг сэтгэл санааны хохирлыг үүн шиг үнэлж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргахыг хуулиар бус журмаар зохицуулна гэж төслийн 40.3-т заажээ. Хүний сэтгэл санаанд учирсан хохирол бол ихэнх тохиолдолд сэргээж болдоггүй ноцтой зүйл байдаг. Шүүхэд нөхөн төлбөрийн хэмжээг объектив байдлаар тодорхойлох тусгай шалгуур байх ёстой.

Гэтэл ийм чухал эрхийн хамгаалалтыг журмаар зохицуулж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг хуулиар шийдэх ёстой” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *