ОХУ: “Sputnik V” вакциныг энэ сард багтаан нийлүүлэхээр ажиллаж байна
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 9-ний өдөр утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг онцлов.
Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.