|

Д.Баясгалан: Бид нүүрсээ хямд үнээр аваагүй, зах зээлийн үнээр авсан

“Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хэт өндөр өртгөөр гүйцэтгэж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг алдагдалд оруулсан гэдэг асуудал хөндөгдөж буй. Энэ асуудалд “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өнөөдөр/2022.12.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам төслийг 2019 онд хэрэгжүүлэхдээ долоон жилийн өмнөх буюу 2013 оны төсвөөр эхлүүлж, гүйцэтгэсэн. Төслийн нийт өртөг нэг тэрбум 50 ам.доллар. Нийт зургаан багц ажил. Энд ярьж байгаа бүх зүйл баримтаар нотлогдоно.  Одоо төсөл 82 хувьтай явж байна. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас болж, төмөр замын ажил бүрэн дуусахгүй байх эрсдэл бий. Хоёрт, бид “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрсийг хямд үнээр аваагүй, зах зээлийнх нь үнээр авсан” гэдгийг тодотголоо.

Мөн энэхүү төсөл 10 гаруй жил саатаж, хэрэгжсэн болохыг онцлов. Энэ тухай тэрбээр “Энержи ресурс” 2012 оны тавдугаар сарын 9-нд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах нөхцөл бүхий концессын гэрээг батлуулсан. Төслийг тухайн үед эхлүүлэхдээ маш олон төрлийн санхүүгийн, хуулийн ТЭЗҮ-ийн гэх мэт судалгаа хийлгүүлсэн. Энэ төслийн анхны зөвшөөрөл 2008 онд С.Баярын Засгийн газрын үед олгогдсон, дараагийнх нь 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед олгосон.

Гэвч 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд энэ гэрээг цуцалж, төрийн өмчийн “Монголын төмөр зам”  компани руу шилжүүлсэн.  Ингээд энэ компани “Энержи ресурс” компанитай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, “Хөгжлийн банк”-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн.

Ингэхдээ “Монголын төмөр зам” төрийн өмчит компани, “Энержи ресурс” компанийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр “Самсунг” ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон. Улмаар хэрэг үүсгэн, шалгалт оруулсан. Хөрөнгө мөнгө завшсан асуудал үүссэн байж болзошгүй гээд.

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Шинхуа энержи ресурс” компаниар төслийг үргэлжлүүлэхээр болж шалгаруулсан ч Монголд илт хохиролтой байна гээд цуцалсан.

Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан ч огт шийдзвэр гаргаагүй, ажил ч хийгээгүй. Ингээд энэ төсөл 2015-2019 он хүртэл зогссон. Үүнээс болоод Засгийн газраас гаргасан 270 гаруй сая ам.доллар нь дууссан юм байна, овоолсон шороо нь үлдсэн юм байна гэдэг ойлголт төрөөд үлдсэн. Бүх ард түмнээрээ тийм ойлголттой байгаа. Үнэн хэрэгтээ 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарч, “Энержи ресурс”-д, 200 сая ам.доллар нь “Самсунг”-д очоод инженерийн байгууламжид зарцуулагдсан. Самсунг компани энэ ажлыг хийж, 2000 хүн ажиллаж байхад хууль хяналтын байгууллагаас шалгах нэрээр зогсоогоод,  гүйцэтгэх захирлыг нь 514 хоног саатуулсан. Бүх туслан гүйцэтгэгч нарынх нь ажлыг зогсоож, шалгасан. 2018 онд Солонгосын компанийн захирлыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр торгоод явуулсан.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *