Хорих ангийн нягтлан хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг олгоогүй учир яллах дүгнэлт үйлдэв
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 12 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28350, мөрдөн байцаалтын 1096 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 222 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Эдийн засгийн 2, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 17, Авлигын 8, Амьд явах эрхийн эсрэг 11, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Хуурамч баримт бичиг үйлдэх 6, нийт 282 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:
Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, хоригдлуудын 10 сая 520 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө нэр бүхий компанийн захирал Ү-д давуу байдал бий болгож, хуурамч баримт бичгүүдийг үндэслэн 2019, 2020 онуудад нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.