“Үндсэн хуулийн Цэц хэний төлөө байв” номын нээлт боллоо
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” шинэ ном мэндэллээ. Тодруулбал, хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нарын хамтран бичсэн “Цэц хэний төлөө байв” номын нээлт өнөөдөр боллоо.
Номын зохиогчдын хувьд анхны номоо гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцээс гаргасан хамгийн дуулиантай гэсэн 16 шийдвэрийг онцлон авч, номдоо багтаажээ. Түүнчлэн жирийн иргэдэд хамгийн их хамаарал бүхий байсан шийдвэрүүдийг ч мөн онцлон авсан байна. Ингэхдээ Цэцээс гаргасан дээрх шийдвэрүүдийг энгийн, ойлгомжтой үг хэллэг ашиглан бичсэн бөгөөд жирийн уншигчид зориулсан гэдгээрээ онцлогтой ном болжээ.
Учир нь аливаа хууль, шүүхийн шийдвэр нь хуулийн үг хэллэг ихтэй, уншихад шууд ойлгогддоггүй зэрэг асуудалтай байдаг учраас иргэд хуульчдаар тайлбарлуулж байж ойлгох тохиолдол гардаг. Тийм ч учраас Цэцийн шийдвэрийг хүссэн бүхэн уншиж, ойлгох, үр дагаварыг нь тунгаан бодох боломжтой болсон нь энэ номын онцлог ажээ. Товчхондоо, “Цэц хэний төлөө байв” ном онолынх биш бөгөөд 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Үндсэн Хуулийн Цэцээс гаргаж байсан олон нийтийн дунд хамгийн их маргаан дагуулсан шийдвэрүүдийг энгийн, ойлгомжтой хэлбэрт оруулсан бүтээл гэдгийг зохиогчид онцолж байлаа.
Номын зохиогч, хуульч Ү.Амарбатын хувьд Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй, 2012 оноос “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2014 оноос хууль, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад өдгөө ЗГХЭГ-т ажиллаж байгаа юм.
Тэрбээр шинэ номынхоо нээлтийн үеэр “Өнөөдөр бол шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр. Бид энэ өдрийг үргэлж санаж, эргэцүүлж явах учиртай түүхэн өдөр юм. Тийм ч учраас энэ өдөр номынхоо нээлтийг хийхээр шийдсэн. 1992 оны Үндсэн хуулийн дараа Монгол Улсад Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг бий болгосон байдаг. Цэц бол бүхэлдээ Үндсэн хуулиа хамгаалах, хяналтын зорилго бүхий байгууллага. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хяналтын байгууллага өөрөө олон сорилтод орж байсан. Шийдвэр нь олон талт байдлаар гардаг, үүнийгээ дагаад аливаа шүүмжлэлд өртдөг. Улмаар энэ байгууллага хэний төлөө байна вэ гэдэг асуулттай ч тулгардаг болсон. Тийм ч учраас Цэцийн шийдвэрийн тухай тухайлан бичье гэж зорьсон.
Нөгөөтэйгүүр Цэц гэдэг байгууллагын зориулалт юу юм, тэндээс шийдвэр гаргадаг механизмын тухай олон нийтэд энгийн байдлаар ойлголт өгөхийг зорьсон” хэмээн онцоллоо. Түүнчлэн “Цэц хэний төлөө байв” гэдэг асуулт бүхий шинэ ном нь өдгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх томоохон хэлэлцүүлэгтэй зэрэгцэн гарч байгаагаараа онцлогтой юм. “Цэц хэний төлөө байв” номын редактороор доктор, профессор Д.Наранчимэг ажилласан бөгөөд тус номд онцолсон Цэцийн 16 шийдвэрийн талаар бичих явцад хуульч О.Мөнхсайхан, А.Бямбажаргал нарын хууль зүй болон онолын үүднээс бичсэн дүгнэлт, өгүүлэлд түшиглэн номоо бичсэн гэдгийг зохиогч Б.Ариунтуяа онцолсон.