Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба тэгш бус байдлыг арилгах нь үндэсний зөвлөгөөн боллоо

Ардчилсан намаас “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Тэгш бус байдлыг арилгах нь” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр МҮЭСТ-ны их танхимд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд анхны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд болон Ардчилсан намын удирдлагууд, ҮБХ-ны гишүүд, 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдийн төлөөлөл болсон 800 гаруй хүн оролцлоо.
Эрх баригч МАН-ын зүгээс ҮХНӨ хийх асуудлаар зөвшилцөх хүсэлтээ улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлж, зөвлөлдөх зөвлөгөөнийг санаачлаад байгаа. Ингэхдээ тогтолцооны асуудлыг голчлон хөндөж байгаа буюу УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх асуудлыг ярьж байгаа.
АН-ын гишүүдийн хувьд Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь зүйтэх эсэх дээр эргэлзсэн байр сууринаас хандаж байна. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл Хүний эрхийн асуудлыг нэгдүгээрт эрэмблэхийг хүсч байгаа илэрхийлж байв. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хүний эрх, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд төрийн нэрээр халдах үзэгдэл газар авсан. Иргэний эдийн засгийн эрх чөлөөг боомилсон татварын дарамт, бизнес эрхлэхэд төрөөс учруулж байгаа хүнд суртал ихэссэн зэрэг асуудлыг хөндөж, энэ чиглэлээр ҮХНӨ-д тусгагдсан зүйл бий эсэхийг тодруулж байв.
Түүнчлэн сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмснээр төрд үүрэлсэн хулгайч нарын тоо буурахгүй, харин ч нэмэгдэх магадлал өндөр. Тиймээс хариуцлага, хяналтын тогтолцоог тэр хэрээр нэмэх учиртайг сануулж байв.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ҮХНӨ-ийн асуудлаар тавьсан илтгэлдээ
“Өнөөдөр нийгмээрээ Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэл, хяналт хариуцлагын тогтолцоо бий болгох, авлига, хулгайгаасаа хэрхэн салах талаар ярьцгааж байна. Ард иргэд газар сайгүй хуран цугларч иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчидтай яаж хариуцлага тооцохоо зөвлөлдөж байна.
Энэ намар эхэлсэн Чингисийн талбайн залуусын жагсаал бол хүн амын нийт баялагийн 97 хувийг эзэмшиж байгаа 3 хувь олигархиудын эсрэг хөдөлгөөн байлаа. Ард иргэдийн адил тэгш боломжийг хулгайлсан эрх баригчдын эсрэг жагсаал байлаа.
Би тэгш бус байдлыг арилгах тухай ярьж байна. Энэ бол ардчиллын үнэт зүйл болсон хүний эрхийн тухай, ижил гарааны боломжийн тухай асуудал юм.
Энэ нь:
▪ Орлогын тэгш бус байдал
▪ Санхүүгийн эх үүсвэр олох тэгш бус байдал
▪ Мэдээллийн тэгш бус байдал
▪ Эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус байдал
▪ Нийгмийн хамгааллын тэгш бус байдал
▪ Боловсролын тэгш бус байдал
▪ Бизнес, ЖДҮ эрхлэх тэгш бус байдал
▪ Жендерийн тэгш бус байдлын тухай асуудал юм
Хот хөдөөгийн ялгаа, баян хоосны ялгаа, намтай намгүйн ялгаа, зулайн иргэн улны иргэдийн ялгаа мөн л энд хамаарна.
Ардчилсан нам өнгөрсөн 30 жилийн Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн, мөн 2000, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн алдаа сургамж, парламентын ардчиллыг хамгаалах, засаглалыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх өнөөгийн хэрэгцээ шаардлага, гадаад, дотоод даяар өөрчлөлт, үндэсний аюулгүй байдлын орчин, тогтвортой хөгжлийн сорилт, авлигын аюулыг мэдэрч Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн саналаа боловсруулахаар ажиллаж эхлээд байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг бол намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсох, Монголын нийгмийн амин чухал асуудалд намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийгмийн анхаарлыг хандуулах зорилготой юм” гэлээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *