БНХАУ АНУ, Канадын иргэн, байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авлаа
Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Оронд хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж байгаа гэх асуудлын улмаас БНХАУ АНУ, Канадын иргэд, байгууллагад хариу хориг арга хэмжээ авлаа.
Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын дарга Тони Перкинс, Канадын парламентын гишүүн Майкл Чонг болон Канадын Гадаад харилцаа, олон улсын хөгжлийн хорооны Хүний эрхийн дэд хороог хоригийн жагсаалтад оруулсан байна.
Тус мэдэгдэлд ШУӨЗО-ы талаар цуурхал, ташаа мэдээлэлд үндэслэн БНХАУ-ын иргэд, компаниудад гуравдугаар сарын 22-нд хориг арга хэмжээ авсны хариуд авч байгаа арга хэмжээ болохыг онцолжээ. Хориг арга хэмжээ авсан хувь хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдийг БНХАУ-ын хилээр нэвтрэхийг хориглож, Эх газрын Хятадын иргэд, байгууллагуудад энэхүү хар жагсаалтад багтсан хүмүүс, компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон байна.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com