Б.Бат-Эрдэнэ: 2023 онд 1 сая жуулчин хүлээн авна

МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ 2023 -2025” ХҮРЭЭНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

Арга хэмжээний эхэнд ”Монголд зочлох жил – 2023-2025” стратеги, төлөвлөгөөг танилцуулж 2023 онд 1 сая жуулчин хүлээн авахдаа 1 – 5 дугаар сард 200.000, 6 – 9 дүгээр сард 550.000, 10 – 12 дугаар сард 250.000 жуулчин ирнэ гэсэн тооцоололтой байгаа ба үүний дагуу 2023 оны 1 сарын 1-нээс 31-ны хооронд 19319 жуулчин хүлээн авч 96,6%-ийн биелэлттэй байгааг онцлов.

Мөн аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, салбарын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нэгдэж нэг бодлого, нэг зүгт харж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ өөр өөрийн чиглэлд зүтгэл гарган ажиллахаа амлав. Өнгөрсөн хугацаанд Төр хувийн хэвшил, салбар хоорондоо нэгдэн ажиллаж байсан удаагүй бөгөөд ийнхүү нэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарт нэг шат ахисан үйл явдал болоо гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байв.

Монгол Улс 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд олон улсад Монгол Улсаа сурталчлах түлхүүр үгийг “Welcome to Mongolia” хэмээн тогтон зарлаж байна.

Монголд зочлох жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд агаарын тээврийн салбарт 2023 онд 1,5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээртэй ажиллаж байна. Түүнчлэн Япон Улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ руу 7 хоногт 70 удаа, БНТУ-руу 7 хоногт 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд 2023 онд том оврын 4 онгоц оруулж ирэхээс 2023 оны 5 дугаар сард МИАТ компани Бойнг 787-900 онгоц оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Мөн аялал жуулчлалын салбарт эрхзүйн шинэтгэлийг хийж, 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барилаа. Тус хуулийн төслийн хүрээнд:
Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
Гуравдугаарт, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах зохицуулалтууд тусгагдсан байна.
Монголд зочлох жилийг зарласнаар 2023 онд жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг 2023 онд 1 тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ний 11.5%-ийг эзлэх, 2024 онд жуулчны тоог 1,6 саяд хүргэж орлогыг 2 тэрбум ам.доллар буюу ДНБ-д эзлэх хувийг 16%, 2025 онд 2 сая жуулчин хүлээн авч 2,5 тэрбум ам.долларын орлого олж, ДНБ-ний 20%-ийг бүрдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.
Хөгжиж буй улс орнуудад жуулчдыг татах бүтээгдэхүүн контент гаргах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний салбарыг чанаржуулах, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт татах чиглэлээр Монгол Улс анхаарч байгаа билээ.
Монгол Улсад жуулчлахаар ирэх Солонгосын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 30-ыг хүртэл, мөн 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
Хоёр том хөрштэй, далайд гарцгүй, нүүдлийн соёлтой орны хувьд бид агаарын тээврийг либералчлах, тогтвортой ногоон аялал жуулчлалыг бэхжүүлэхийг бид эрмэлзэж байна.
Өнөөдрийн “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ – 2023-2025” нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од,
НАЖГ-ын дарга Д.Батсүх, БОАЖ-ын Сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодыг төлөөлж Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Хүннү Эйр” ХХК-ий гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, Мэргэжлийн тур операторуудын холбооны тэргүүн В.Батзориг, Монголын Зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат , Хятад зөвлөлийг төлөөлж “POCKET TRAVEL” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Пүрэвсүрэн, Солонгос зах зээлийг төлөөлж “GO NODAMS TOUR” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Наранхүү, Хуулийн ажлын хэсгийг төлөөлж “НОМАДИК ТРЭЙЛС” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Баянхонгор аймгийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал С.Шинэцэцэг нар оролцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *