Саарал ус ба борооны усыг хэрхэн ашиглах вэ

БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ ирэх дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн автомашин угаалгын газруудыг цэвэр усаар автомашин угаахыг хориглоод буй. Тэгвэл тэдгээр байгууллагууд усны асуудлаа хэрхэн шийдэх вэ. Усны хомсдолд орсон 20 улсын нэгээр нэрлэгдээд буй энэ хүнд цагт цэвэр усны нөөцөө хамгаалах, ундны цэвэр усаа нөөцлөх нь маш чухал. Гэвч нэг шийдвэрийн дараа нөгөө шийдвэрийг гаргах гарц гаргалгаа чухал билээ. Сүүлийн жилүүдэд улс орнуудад хаягдал ус болон  борооны усыг ахин ашиглах боломжууд ихээхэн сонирхол татаж байгаа сэдэв болсон. Одоохондоо ихэнх улс орнуудад уг системийг зайлшгүй нэвтрүүлэх тухай шахалт үүсээгүй байгаа хэдий ч Европын өмнөд хэсгийн зарим улс орнуудад ундны усны хомсдол үүсээд байгаа тул цэвэр ус хэмнэх, ундны усны өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгараад байгаа юм. Тэгвэл саарал ус гэж юу болох, цаашлаад хэрхэн гаргах тухай мэдээллийг хүргэе.

Саарал ус ба борооны усыг дахин ашиглах

Ашиглагдсан усны тодорхой хэсгийг дахин боловсруулах зардал далайн ус боловсруулах өртөгтэй харьцуулахад хямд. Ихэнх тохиолдолд оффисын зориулалттай болон зочид буудлын барилгуудыг эрчим хүчний хэмнэлттэй барилгын стандартын дагуу саарал ус, борооны усны дахин ашиглалттай төлөвлөдөг.

“Саарал ус”-ыг (ванн, шүршүүрийн ус) дахин боловсруулах гол шалтгаан нь тэдгээрийн бохирдол хамгийн бага, цэвэрлэхэд тийм ч төвөгтэй бус, мөн хаягдал усанд агуулагдах дулааныг ашиглах боломжтой байдгаараа давуу талтай. Боловсруулсан саарал усыг (цагаан ус) ихэнхдээ борооны устай хослуулан ашигладаг байна.

Саарал ус гэж юу вэ?                    

Саарал ус гэсэн нэршил нь түүний өнгөөс үүсэлтэй бөгөөд Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагандаа ялгадас, шээс агуулаагүй  хаягдал ус юм. Дахин боловсруулсан саарал ус, нэн ялангуяа усанд орсны дараах хаягдал усыг боловсруулж ашиглалтын цагаан ус болгон суултуур, писсуарт төдийгүй автомашин угаалгын газар, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар ашиглах боломжтой.

 

Зургаас үзэхэд гэр ахуйд үүсдэг хаягдал усны 50-аас дээш хувийг саарал ус эзэлдэг нь илэрхий. Зарим улс орнуудад хаягдал саарал усны хэмжээ 57-75 л/хүн-1 өдөр-1 хэлбэлздэг байна.

Саарал усны pH-н хувьд, ердийн хэрэглээний усны pH (7-8), угаалганаас хаягдсан ус шүлтлэг буюу pH (9-10), харин гал тогооноос хаягдах ус илүү хүчиллэг байдаг. Ванн, шүршүүр, угаалгын машинаас гарах саарал усны дулаан 18-38 °C-д хэлбэлздэг, өөрөөр хэлбэл ариун цэврийн зорилгоор хэрэглээний халуун усыг түлхүү хэрэглэдэг.

Ундны уснаас гадна, хоёрдогч усны эх үүсвэр

Чанартай ундны усыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед ашиглана. 00-ын ус татах, ногоон байгууламж услахад боловсруулсан ус ашиглах боломжтой. Энэ нь чанартай ундны усны нөөц хангалтгүй газруудад чухал ач холбогдолтой. Дахин боловсруулсан ус ашиглах давуу талууд:

  • Эдийн засгийн хэмнэлт – чанартай ундны усны үнэ нэмэгдсээр байгаа
  • Агуулагдах нэгдлүүдийн орчинд үзүүлэх нөлөөлөл бага
  • Нүүрстөрөгчийн хаягдал бага

Усны хоёрдогч эх үүсвэрт дараах төрлийн боловсруулсан усыг хамруулна. Үүнд:

  • Ундны уснаас тусдаа, бие даасан түгээх сүлжээгээр хангагдах боловсруулсан ус
  • Төвийн бус / байрын аргаар үйлдвэрлэгдсэн боловсруулсан ус
  • Дээвэр ба ус үл нэвтрүүлэх гадаргуу дээр буусан борооны ус зэргүүд орно.

Тэгвэл цаашид саарал усыг хэрхэн хэрэглээндээ нэвтрүүлэх вэ гэдэг анхаарал татаж байна. Иргэдэд хүртээмжтэй байдлаар саарал усны асуудлыг шийдвэрлэх нь цааш цаашдаа гарах хүндрэлийг багасгах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *