ТЭРСЛҮҮ ҮГ: Асран хамгаалах үүргээ биелүүлээд ард түмнээс хандив гуйя
Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч гэх залууд хэвтэрт ортлоо зодуулж 10 гаруй хоног эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэнэ. Ээж гэх эрхэм алдрыг хүртсэн тэр нэгэн эмэгтэй харин ухаангүй хүүгээ эргэж тойрох бүү хэл утсаар ч яриагүй гэх нь өр өвтгөм. Төрсөн эцэг нь гэх эрэгтэй харин “Эхнэртэйгээ гэрлэлтийн баталгаа угаасаа байгаагүй. Сард нэхсэн мөнгийг нь өгдөг. Утсаар ярьж, дүрст дуудлага хийдэг хэмээн хээвнэг хариулж, хүүгийн эмчилгээний 120 сая төгрөгийг бүрдүүлэхэд ард түмний тусыг гуйж мэдээлэл хийлээ.
Даанч харамсалтай санагдана. Энэ байдал залуу хосуудын хамгийн түгээмэл жишээ. Хамтран амьдрах хугацаандаа үр хүүхэдтэй болно. Асуудал гараад салахад эх нь хүүхдүүдээ аваад хоцорно. Гэрлэлтийн баталгаагүй учир мэдээж эцгүүд хүүхдийн тэтгэмж, цаашлаад хэл ам хийхгүй л бол хариуцлагаас мултарч дөнгөнө. Хоёр хүүхэд төрүүлж, 6 жил хамтдаа амьдарсан залуус гэрлэлтийн баталгаагүй. Тэгээд дууссангүй, нэгэн үе ханилж явсан эмэгтэйтэй ар өврийн явдлыг дийлдэггүй байсан, завхай зайдан хэмээн олонд шившиглэв. Эхийн явдал буруу ч, аав нь л байсан бол хүүгээ хүний гарт яргалуулахаас өмнө авахгүй яав. "Хүүе үр минь яаж байна" гээд хамгаалахгүй яав. Хүүхэд эхтэйгээ байсан нь дээр хэмээн хариуцлагаа умартан хаяад явалгүй хоёр үрийнхээ дэргэд байсан бол хэрэг ийм дээрээ тулахгүй байсан нь лавтай.
Гуравхан настай үрийг хэвтэрт ортол зодсон араатангаас дор нөхөр хаана байна. Цагдан хоригдох нэрээр хариуцлагаас мултрав уу. 130 гаруй иргэний хэдэн тэрбум төгрөгийг луйвардсан гэх залуу хорих ялаа биеэр эдрээд гарах ч, хохирсон хүү сэргэлээ гэхэд насаараа тархины өвчтэй болоод хоцрох уу. Ард түмний уян зөөлөн сэтгэлийг эсрэгээр ашиглаж, араатангуудын үйлдсэн балмад үйлдлийн араас хандив нэрээр мөнгө татсаар бид дуусах уу.
Аав нэртэй залуус асран хамгаалах үүргээ мэддэг, асуудал гарахад хамаг бурууг бусад руу чихэлгүй, өөрийн үүргээ ядаж ухамсарлая. Алдаа оноо нэг хүнийх бус нийлэн амьдарч буй бүх хүмүүст хамаатай байдаг. Гэтэл энэ мэт хариуцлагаа ухамсарладаггүй залуусын алдаа, хариуцлагыг бяцхан үрс биеээрээ төлсөөр явах нь даанч эмгэнэлтэй.
Гэр бүл болсон, хамтран амьдарч буй залуус гэрлэлтийн баталгааг хийлгэдэг, гэр бүлийн гэрээг хийж эрх үүргээ тодорхой болгоё. Эцэст нь гэр бүлийн хуулиа чангалья. Энхрий үрсийг энэ мэт хэргийн золиос болгохгүй хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээцгээе!