Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох авилгын хэргийг маргааш шүүнэ
Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Чимэдлхам, Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Болорчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан юм.
Эл хэргийг маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцэхээр товлосон.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 291 дүгээр магадлалтай, Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Галхүүгийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч Б.Цогтбаатарын өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 5, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 2/ дугаар зүйл ангиар шүүсэн байдаг.