СУРВАЛЖИЛГА: Хоёр тэрбум төгрөгийн үнэтэй МУЗЕЙ
Тэртээ 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татаж гаргасан үйл явдал 2021 оны 11-р сард болж байв. Тухайн үед хөлөг онгоцыг татах тухай мэдээлэл бүхий л хэвлэл мэдээллийг хэрэгслээр түгж, нэг хэсэгтээ л олны овоо хараанд өртсөн. “Цэргийн нууц” хэмээж татах ажиллагааг ихэд нууцлалтай шалгаж буй тухай ч хөвөрсөөр…
Онгоцыг татсаныхаа дараа МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ажиллагаанд оролцсон 123 цэргийн алба хаагчдаа төрийн дээд одон медалиар шагнасан нь тухайн үед “Шагналын үнэ цэнийг унагаалаа” хэмээн иргэдээс шүүмжлэл хүртэж байв. Түүнчлэн өндөр өртгөөр хэрэг болгож татсан онгоцоо эрэгт байршуулсныхаа дараа л мартчихсан нь иргэдэд таалагдаагүй.
2021 ОНЫ 11-Р САРЫН 3-НД “СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦ”-ЫГ МУЗЕЙ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРАВ
Өнөөх онгоцноос нь олон төмөр эд анги хулгайд алдагдаж, цаашлаад усны ёроолд 30 гаруй жил болсон нөөшилсөн хүнсүүд иргэдийн эрүүл мэндэд хор учруулж болохоор байна гэх зураг, мэдээллүүд цахимд түгсэн юм. Мэдээлэл тавигдаад удалгүй холбогдох албаныхан тууз татаж, анхааруулга самбар өлгөв.
2021 оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгож, онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг багцлаад бичвэл нэг иймэрхүү зураглал бууж байна.
ОНГОЦ ЭЗЭНГҮЙ ОРХИГДОЖ, ХҮҮХДҮҮД ГЭМТЭХ УУРХАЙ БОЛЖЭЭ
Онгоцыг татсан нь Монгол Улсын хувьд анхдагч зүйлсийн нэг. Учир нь 50 метр буюу 16 давхар барилгатай тэнцэхүйц гүн нуураас ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй гэх шалтгаанаар ОХУ-ын шумбагчдаас туршлага солилцож байв.
Хоёр тэрбум төгрөгийн үнэтэй музейг сонирхохоор хэрэг гаргаж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг зорин очилоо. Даанч хүлээлтэд хүрсэнгүй. Нуурын нэлээн захын эрэг орчим нурсан балгастай зэрэгцүүлэн орхижээ. Хажуугаар нь татсан тууз, анхааруулах самбарын мөр нь ч арилаад удаж. Ер нь л хүмүүст, нутагтаа хэдийн хаягджээ. Нэгэнтээ л музей болгохгүй, харуул хамгаалалалтгүй орхисон бол зэвтэй үзмэр болгохоор устгавал яасан юм бол ч гэх бодол ургав. Хөлөг онгоцны хурц үзүүртэй, гэмтсэн сэртгэр хэсгүүдэд хүүхдүүд гэмтвэл яах вэ. Нуурын эргийн ард амралтын газар байрлана. Амралтад ирсэн багачууд Сүхбаатар хөлөг онгоцыг ихэд сонирхож, дээш авирахаар мацна. Тавцан руу гарахын тулд дугуйн хаймар эвсэн харагдана. Яг ард нь сүнс, чөтгөр бодогдохоор нурсан балгас. Зэвэрсэн хөлөг онгоц, нурсан балгас хоорондоо хорших шиг…. Онгоцны орчим 10 гаруй хүүхэд гүйлдэнэ.
АНХААРУУЛГА САМБАРЫГ ХҮҮХДҮҮД СУГАЛААД ЯВСАН. ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮС ОНГОЦНООС БУУЖ ХАРАГДДАГ
Хүүхдүүдийн нэгээс сониучирхан асуувал “Энэ онгоцонд сууж далайн дээрэмчин болж тоглоно. Өндөр даанч хүрэхгүй юм. Дахиад нэг дугуй эвчихвэл хүрчих гээд байна” гэвээс ард нь гүйх хүү “Томхон чулуу аваад ир, наад чулуу чинь жижиг байна” хэмээн нөгөөгөө удирдана. Гартаа зөөлөн сэлэм тоглоом барьж, бүгд малгай өмсжээ. Тэдний хувьд Сүхбаатар хөлөг онгоц “Хар сувд” нь аж. Дээш аврихаар тэмүүлэх хүү нөгөөдөө “Олигтойхон том чулуу аваад ирээч” хэмээнэ.
Харин ойр орчим амьдардаг, 60 гаруй насны эрэгтэйгээс асуувал “Анхааруулах самбар тогтоосон байсныг хүүхдүүд сугалаад явсан байх. Алга болчихсон. Үе үе орон гэргүй хүмүүс онгоцноос бууж байгаа харагддаг юм билээ. Хүмүүс орж, гараад байхаар нь хүмүүс өндөрлөсөн дугуйны нэгийг авч холдуулсан. Музей болох тухай дуулдах л юм билээ. Болох эсэх нь бас л эргэлзээтэй байна” гэв.
Нар нэлээн хэвийж, бүрий болов. 40 орчим насны эгчээс асуувал “Энэ онгоц музей болох хэцүү байх. Их л мөнгө шаардагдах болов уу. Дотор нь үзвэр тавих юм уу, гаднаас нь ингээд харах юм уу. Одоо ч бараг үзвэр шиг л байна. Ганц нэг жуулчин урд нь зургаа татуулж байгаа харагддаг. Ихэнхдээ хүүхдүүд л тоглож яваа нь харагддаг” гэлээ.
Бодит нөхцөл ийм л байлаа. Сүхбаатар хөлөг онгоцыг цаашид хэрхэх тухай анхаарахгүй бол өдөр бүр бараан мэдээлэл сонсогдох болсон өнөө үед иргэд эрсдэлд орвол яах вэ. Балчир хүүхдүүд тоглож байгаад бэртвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. 20,30 жил нуурын ёроолд байсан зэвтэй, хурц үзүүртэй төмрүүдэд хүүхдүүд хөл гараа урах, цаашлаад алтан амь эрствэл хариуцлага хэн дээр яригдах вэ. Цаашлаад “Музей болгоно” хэмээх үүргийг өгсөн бол үүндээ хариуцлага нэхдэг баймаар….