Хуулиараа сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор нам бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй

Иргэн Д.Амартүвшингээс олон нийтийн сүлжээгээр “… Улсын дээд шүүх Либертари намыг бүртгэх хүсэл сонирхолгүй байна, … сонгуулийн өмнө бүртгэхгүй гэсэн, … хуульд нийцэхгүй журам баталж өргөдөл буцаасан” гэх агуулгатай мэдээллийг тараасан нь үндэслэлгүй талаар дараах мэдээллийг гаргаж байна.

Иргэн Д.Амартүвшингээс “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг анх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн, өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудыг шалгах явцад хуулийн этгээдийн нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн заалт болон 801 гишүүний мэдээлэл ирүүлэх шаардлагыг зөрчсөн, холбогдох зарим баримтыг хавсаргаж ирүүлээгүй зөрчил тогтоогдож, энэ талаар өргөдөл гаргагчид нэг бүрчлэн тодорхой мэдэгдсэн хариу хүргүүлжээ.

Үүний дараа Д.Амартүвшингээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл дахин ирүүлсэн, хавсарган ирүүлсэн баримтуудыг судлан үзэхэд, шинээр үүсгэн байгуулагдаж буй Либертари намыг “ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан” гэж тодорхойлсон, тус намыг үүсгэн байгуулах хуралд хэдэн төлөөлөгч оролцсон нь тодорхойгүй, энэ талаар ирүүлсэн баримтууд нь зөрүүтэй, санал хураалтын дүнг баталгаажуулсан гэх Тооллогын комиссын шийдвэр ирүүлээгүй, 801 гишүүний бүртгэлд Либертари намыг үүсгэн байгуулагч гэх Д.Амартүвшингийн өөрийнх нь нэр байхгүй, түүнчлэн Улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй, тухайлбал намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй байсан тул өргөдөл гаргагч Д.Амартүвшинд баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлэх хугацаа тогтоож өргөдлийг буцаасан байна.

Үүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өргөдөл материалаа ирүүлсэн, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шалгаж ирүүлсэн баримтаар тус намын гишүүн гэх 801 иргэний 245 иргэний мэдээлэл нь зөрчилтэй /овог нэр, регистрийн дугаар зэрэг үндсэн мэдээллүүд зөрүүтэй/, нэг хүнийг хоёр удаа бүртгэсэн, нэг регистрийн дугаартай хэд хэдэн өөр хүний бүртгэл хийгдэж нотломж ирүүлсэн зэрэг зөрчлүүд, түүнчлэн “өөр намын гишүүнчлэлгүй” гэж нотломж гаргасан зарим хүний нэрс нь 801 гишүүний бүртгэлийн жагсаалтад байхгүй, нам үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон гэх зарим гишүүний нэрс тухайн намын 801 гишүүний бүртгэлд байхгүй зэргээр ирүүлсэн баримтын үнэн зөв нотлогдохгүй байсан тул эдгээр үндэслэлүүдийг зааж мөн өргөдлийг буцаажээ.

Улсын дээд шүүх улс төрийн нам үүсгэн байгуулагдсаныг бүртгэхдээ өргөдөл гаргагчаас хуулиар шаардсан буюу заавал байвал зохих 801 гишүүний мэдээллээ үнэн зөв, хуульд заасан хэлбэрээр ирүүлэхийг шаарддаг бөгөөд улс төрийн нам үүсгэн байгуулахаар санал нэгдсэн гэх 801 иргэн нь өөрсдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар зэрэг хуулиар шаардсан мэдээллүүдийг үнэн зөв бичгээр илэрхийлж, хүсэлтээ гаргахад хуулийн энэ шаардлага хангагдах юм.

Монгол Улсын сонгуулийн насанд хүрсэн 801 иргэн өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдлыг улс төрийн нам үүсгэн байгуулагдах суурь нөхцөл гэж хуулиар тодорхойлсон, харин тухайн нам 801-ээс дээш хэдэн гишүүнтэй байх талаар хуулиар хязгаар тавиагүй байна.

Улсын дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй, “Либертари нам” үүсгэн байгуулахаар эвлэлдэн нэгдсэн гэх 801 иргэн нь хууль болон журамд заасан шаардлагыг хангаж, Улсын дээд шүүхэд холбогдох баримтуудыг үнэн зөвөөр бүрдүүлэн ирүүлэх үүрэгтэй, энэ нь шинээр үүсгэн байгуулагдаж буй бүх улс төрийн намд адилхан тавигддаг шаардлагууд болно.

Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” гэж заасан, түүнчлэн Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ.

Иймд, өргөдөл хүлээж авахгүй болон ирүүлсэн өргөдөлд холбогдох хугацаа түдгэлзэх талаарх хуулийн хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эхэлж байгаа болно.

Иргэн Д.Амартүвшин Либертари нам үүсгэн байгуулагдсаныг бүртгүүлэх өргөдлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд ирүүлсэн,  Улс төрийн намын тухай хуулийн 12.1-д заасан хугацаанд гаргасан өргөдөл, мөн хуулийн 13.1-д заасны дагуу шалгах ажиллагааны хугацаа болон 14.1-д заасны дагуу шийдвэр гаргах хугацаа нь сонгуулийн санал хураалт явагдах өдөр хүртэл 90 хоног түдгэлзэхээр хуульд тусгайлан заасны дагуу Улсын дээд шүүхэд улс төрийн нам үүсгэн байгуулсныг бүртгэх ажиллагаа түдгэлзэж байгаа нь өргөдөл гаргасан бүх тохиолдолд ижил үйлчилж байгааг мэдэгдье.

                               УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *