“Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв”-ийг байгуулахаар ажиллаж байна
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.3.2, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.3.3 дахь үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв”-ийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төвийн барилгын ажлын явцтай Хөдөлмөр нийгэм хамгаалын сайд А.Ариунзаяа болон ЗГХА- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд очиж танилцлаа.
Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгийн хүрээнд байгуулахаар ажиллаж байгаа юм. .
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж улмаар ирэх 5-р сараас байрыг ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэх юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталсан бөгөөд хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн үр дүн, дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллагад санхүүжилт олгох зохицуулалтыг бий болгосон. 2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэж, 317 хүүхдэд хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253 хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоон долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг.