Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо эргүүлэн авлаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр /2021.03.31/ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа.
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башёд түрүүлсэн тэрээр өдгөө 29 настай бөгөөд 2015 онд анх удаагаа озэки цол хүртэж байв. Хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башё өнжиж Жонидан зиндаа хүртэл чансаа буурсан билээ. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаад дээд зиндааны гурав дахь түрүүгээ авч, озэки цолыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм.
Озэки цол гардуулах ёслолын дараа тэрээр багшийн хамт хэвлэлийн бага хурал хийж “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо дахин цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ ч энэ талаар төсөөлж байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлсөнгүй. Би илүү өндөр зорилго өмнөө тавих болно. Мөн дэвжээний багшдаа баярлалаа” хэмээжээ.