Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авч чөлөөлнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна.

Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж.

 

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид уг замын трассын дагуух өмчлөх болон эзэмших эрхтэй иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг хөндлөө. Төлөөлөгч Л.Отгонбаатар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжиж байгаа бөгөөд, газрын нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд нөхөн олговор олгож, яаралтай чөлөөлөх талаар саналаа илэрхийллээ.

Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй газрын харилцааг уялдуулж, хотын иргэд, нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллахыг сануулсан юм.

Мөн нөлөөлөлд өртөж байгаа нэгж талбарт олгох нөхөн төлбөрийн зардлын тооцоог тодруулав.  Уг газар чөлөөлөлттэй холбоотой шаардагдах зардлыг Тавантолгой төмөр зам компани бүрэн хариуцах бөгөөд 1207 нэгж талбарыг чөлөөлөх аж. Төсөөллийн үнэлгээгээр газар чөлөөлөлтөд 180 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга хэлэв.

Мөн энэ газрын трассын дагуу цахимаар өмчилсөн 500 гаруй газар байгаа бөгөөд нийслэлийн газрын албанаас газрыг газраар солих бодлогыг барьж байгаа аж. Улмаар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан төмөр замын чигийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *