Захиалгаар зэвсэг ашиглан бусдыг зодож, хүчирхийлж, эд хөрөнгийг нь дээрэмддэг бүлэг иргэдийг барьжээ

Улсын хэмжээнд 2023 оны I улирлын байдлаар нийт 10.167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс

  • Улаанбаатар хотод 7144 буюу /70.3%/,
  • Орон нутагт 3017 буюу /29.7%/,
  • Бусад газар /хилийн чанадад/ үйлдэгдсэн 6 /0.06%/-ийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

-Улсын хэмжээнд нийт 1015 хэрэг буюу 9.1 хувиар,

-Орон нутгийн хэмжээнд 385 хэрэг буюу 11.3 хувиар,

-Нийслэлийн хэмжээнд 632 хэрэг буюу 8.1 хувиар тус тус буурч,

-Бусад газар /хилийн чанадад/-т 2 хэрэг буюу 50.0 хувиар өссөн байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • 6593 буюу 64.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг тухайлбал:/Залилах, хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүд/
  • 2212 буюу 21.8 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
  • 273 буюу 2.7 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
  • 131 буюу 1.3 хувь нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн:

1133 буюу 11.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд нийт 4924 хүн гэмт хэрэгт холбогдсоны 3680 буюу 74.7 хувь нь эрэгтэй, 1034 буюу 21.0 хувийг эмэгтэй, 210 буюу 4.3 хувийг хүүхэд эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 9926 иргэн, 31 хуулийн этгээд хохирч, иргэн, хуулийн этгээдэд учирсан 85.3 тэрбум төгрөгийн хохирлын 14.6 тэрбум төгрөг буюу 17.2 хувийг нөхөн төлүүлж, 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн ажилласан байна.

Мөн сүүлийн үед урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлэг этгээдүүд зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэргийг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тусгай чиг үүргийн хүрээнд шуурхай илрүүлэн таслан зогсоосон бөгөөд өнөөдөр та бүхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэсний дагуу мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал:

  1. Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 2 орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүний гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан.

Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан байна.

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ний ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ны өдрүүдэд 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх үйлдэлтэй холбогдуулан Ука хочит Л.Алтанхуяг нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй “Андын Илч” ХХК-ний өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ний ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн үйл явдал нь 2023.02.12-14-ний өдрүүдэд болсон.

2. Цагдаагийн байгууллагаас Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу нь Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх /эмэгтэй/-ын захиалгаар 2022 оны 12 дугаар сард иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг илрүүлж, 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна;

3. Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар нь бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна;

Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан бөгөөд Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад ЭХ-ийн 123.3 /Хулгайлах/, 126.1 /Хүчиндэх/, 147.2, 148.1 /Залилан мэхлэх/, 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/, 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/, 98.1 /Хүнд гэмтэл учруулах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, зэрэг ялаар шийтгэгдэж байсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *