Улаан бүсээс шууд гэртээ гарсан Шадар сайдын эхнэрт ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ?

Шадар сайд С.Амарсайханы эхнэр нэвтрүүлэгч С.Ичинхорлоо  ХӨСҮТ-ийн  улаан  бүсэд нэвтэрч нэг хоноод орчин нөхцлийг нь голж, гэртээ шууд гарсан  нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Эл асуудалд Шадар сайд С.Амарсайхан түгдэрч гацан  оновчгүй тайлбар хийсэн нь гал дээр тос нэмэв. Тэрээр өөрийнх нь эхнэр “вакцин хийлгэсэн байсан учир дүрэм, журам зөрчөөгүй” гэх утгатай хариулт хэлсэн юм.

Ковидын үед хэвлэл мэдээллийн  хэрэгсэл, сэтгүүлчид хязгаарлагдмал   нөхцөлд ажиллаж, мэдээлэл олж авахад хүндрэлтэй болсон. Нэг жишээ нь ХӨСҮТ. Тус төвд  эмчилгээ хэрхэн явагдаж, ямар орчин нөхцөлд иргэд үйлчлүүлж буйг  сурвалжлах хүсэлтийг хэд хэдэн редакциас ХӨСҮТ-д тавихад “Нэвтэрч болно. Дараа нь 14 хоног ХӨСҮТ-д  тусгаарлагдана” гэх хатуу  шаардлага  тавьж байгаа юм.

Мөн жирийн иргэдэд ч УОК, ХӨСҮТ-өөс гаргасан дүрэм журам хатуу үйлчилж байгаа. Хорт хавдартай аавтайгаа уулзахаар БНСУ-аас ирсэн иргэн Ж.Мөнхцэцэг  тусгаарлалтын 21 хоногт байхдаа аавыгаа алдаж байв. Тэрээр УОК-оос аавыгаа эцсийн замд нь үдэх хүсэлт  тавьсан ч хүлээн аваагүй юм.

Хорт хавдрын эцсийн  шатанд орсон Б.Мөнхтуяа охинтойгоо уулзаж, ганц тэвэрчихээд  явах эцсийн хүслээ тээн эх орондоо ирсэн ч мөн л тусгаарлалтад байхдаа амьсгал хураасан юм. Энэ бүхэнд хатуу дүрэм журам үйлчилж,  олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байв.

Гэтэл албан  тушаалтны эхнэрт уг хатуу журам үйлчлээгүйг дээрх жишээ баталлаа. Сэтгүүлчдэд тавьж буй шаардлага ч  мэдээллийг хаалттай байлгах  өнгөлөн далдлалт гэж харагдаж байна.

Тэгвэл дүрэм журам зөрчсөн Шадар сайдын эхнэрт хариуцлага хүлээлгэх үү гэдэг асуулт гарч ирнэ.  Цар тахлын үед худал мэдээлэл тараасан, мэдээллээ  нууцалсан, бусдад халдаасан…  зэрэгт торгуулийн арга хэмжээ, бүр эрүүгийн хэрэг үүсгэх  заалт ч бий. Энэ хууль албан тушаалтны эхнэрт үйлчлэх үү гэдэг нь сонирхол татаж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *