Ч.Хүрэлбаатар: 2022 онд өрхийн орлого 0.7 пунктээр, хөдөөгийн иргэдийн орлого 15.6 пунктээр буурсан

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдааны дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдээлэл өглөө.

Тэрээр “2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өслөө. Цар тахлын үед заримдаа хасах, заримдаа бага байсан. Цар тахлын өмнөх 2019 оноос хойш эдийн засаг 1.7 хувиар өссөн.

Саяхан ОУВС дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын ерөнхий хандлагуудыг гаргаж байна. 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3 хувиас бага байхаар төлөвлөж байгаа хэдий ч манай хөрөнгө оруулалтын гол түнш БНХАУ-ын эдийн засаг 5 хувиас дээш хувиар өснө гэж гарсан. Түүнээс гадна тус улсын эхний 3 сарын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаатай холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг дор хаяж 6 хувиар өснө гэж үзэж байна.

Хятадын эдийн засгийн өсөлт сайн байгаа нь Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх боломжтой. Тиймээс бид энэ боломжийг сайн ашигласан бодлого явуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Иймд Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын хугацаанд оруулж ирүүлэх шаардлагатай байгааг гишүүд хэллээ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийтийн санал авч байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрснээс гадна, зэс, жонш, төмрийн хүдэр, цайр биржээр борлуулна. Ингэснээр Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хөндсөн. Өнөөгийн хуулиар орлого нэмэгдэхэд төсвийн тодотгол хийх боломжгүй, харин орлого буурах үед төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Эдийн засгийг тогтворжуулах, бүрэн хөрсжих, 100 хувь тогтворжлоо гэж  хэлэх цаг бол эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд харуулна. Тэр хүртэл эдийн засгийн тооцоо судалгааг сайн хийх, эдийн засгийн төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг сайн тооцох шаардлага байна. Цаашдаа хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлснээр эдийн засаг 6 хувиас дээш хувиар өсөх бүрэн боломж байна.

2022 онд Монгол Улсын нийт өрхийн орлого 0.7 пунктээр, үүний дотор хөдөөгийн иргэдийн орлого 15.6 пунктээр буурсан. Засгийн газраас бодлого явуулсны үр дүнд арьс, шир, махны экспорт нэмэгдлээ.

2022 оны дүнгээр цар тахлын өмнөх үед хүрээгүй  уул уурхай, барилга, тээврийн салбараа илүү анхаарах шаардлагатай” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *