Энхтайваны гүүрэн доорх дулааны шугамд гарсан гэмтлийг шөнөд нь зассан

Энхтайваны гүүрний доорх дулаан дамжуулах шугам сүлжээнд гэмтэл гарсныг тухайн үед нь зассан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэмтэл гарсныг тухайн шөнөдөө засаж, хэвийн болгосон. Уг шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл үүссэн. Тус шугам сүлжээ нь Эрэлийн байрууд, тухайн бүсэд хамаарах ус дамжуулах долоон төвийг дулаанаар хангадаг” гэв.

Мөн тэрбээр Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний асуудал нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байгааг  онцлов.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.


 

Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарах юм. Тодруулбал, энэ жилийн хувьд 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй Бага тойруу буюу Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдуур Багшийн дээд хүртэл, 3, 4-р хорооллын эцэс гэх мэтчилэн 30 км гаруй замыг иж бүрэн шинэчилнэ.

Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засварыг ирэх жилийн өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан бол энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийнэ. Мөн жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анхнаасаа тухайн шугам сүлжээгээ хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *