Ү.Оюунзул ҮЦХ-ийн төлөвлөлтийг эвдэж, ногоон байгууламжийг сүйтгэлээ гэх асуудалд няцаалт хийлээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй холбоотой олон нийтийн сүлжээ, хэвлэлээр тархаад буй мэдээлэлд тус газрын дарга Ү.Оюунзул дараах тайлбарыг хийснийг хүргэж байна. 
Нэг. Батлагдсан Ерөнхий төлөвлөгөөгөө #ягштал баримталж байна
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах тухай 2009 онд нийт #1280_га талбайтай төсөл эхэлж, 2014 онд #973_га талбайтайгаар НИТХ-ын тогтоол батлагджээ. 973 га талбайгаас 183 га газарт тохижилт, ногоон байгууламж хийх Ерөнхий төлөвлөгөөг “Идеал” групп хийж, батлагдсан. Манай хамт олон 2014 онд батлагдсан энэхүү Ерөнхий төлөвлөгөөний дагуу талбайн 85 хувьд нь ногоон байгууламж бүтээж, #15_хувьд нь тохижилт хийх ёстойгоос #5_хувьд #тохижилт_хийн ажиллаж байна. Ундны усны эх үүсвэр, тусгай хамгаалалтай газар, улсын онцгой объект байрладаг учир барилга байгууламж барих, цэвэр, бохирын шугам татахыг хуулиар хориглосон. Бүтээн байгуулалтын ихэнх ажил хийгдэхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Хөгжил төлөвлөлтийн алба хариуцан зохион байгуулж, НЗДТГ-ын Хот төлөвлөлт, хөгжлийн газар, бусад байгууллагуудаар #хянуулан #баталгаажуулдаг хууль, журамтай. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Ерөнхий сайдын албан даалгавар, “Шил” ажиллагааг хэрэгжүүлж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй холбоотой #бүх_цаг_үеийн_мэдээллийг хүртээмжтэй, #эх_баримт_нотолгоотой нь ойрын хугацаанд #нээлттэй болгоно.
Хоёр. Сүүлийн 2 жилд хамгийн их мод тарьсан
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2009-2020 он хүртэлх 11 жилд 110 мянган мод тарьсан. 2021 оноос хойших сүүлийн 2 жилд 50 мянган мод цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьсан. Энэ нь мэргэжлийн инженер, техникч, цэцэрлэгчдийн гар, сэтгэл, зүтгэл нийлсэн хамтын ажлын үр дүн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүх цаг үеийн #дээд_амжилт, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний эерэг сайн тусгал юм. 2020 оноос өмнө тарьсан 110 мянга, 2021 оноос хойш тарьсан 50 мянга, нийт 160 мянган модоо 98,5 хувийн амьдралтай ургуулж байна. Мөн сүүлийн 2 жилд 150 мянган харандаан мөчир бэлдэн ойжуулалтын хэлбэрээр Туул голын эргийн хамгаалалтад #ногоон_хэрэм зурвас үүсгэн мод тарилт хийж байна. 60 га газраа нөхөн сэргээн зүлэгжүүлж, 50-60 мянган нэг наст цэцэг арчлан ургуулж байгаа юм. 1 га талбайтай мод үржүүлгийн газраа 2022 оноос 4 га газар болгон 4 дахин өргөтгөөд байна. Манай хамт олныг “Ганц ч гэсэн мод нэмж тарихын оронд…” гэж буруутгасан үг эш үндэсгүй. Бид өмнөх 11 жилийн туршид тарьсан модны 45%-тай тэнцэх мод ургуулж, бүх цаг хугацааны турш дахь #хамгийн_өндөр_үзүүлэлтэд хүрсэн.
Гурав. Жижиг бизнес эрхлэгчдээ хөөж хавчихгүй, харин стандартын шаардлага тавина
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижуулсан талбайд #2010_оноос_эхлэн, 13 жилийн өмнөөс иргэд ТҮЦ, шорлог, зайрмагийн худалдаа, хүүхдийн тоглоом, дугуйн түрээс ажиллуулж ирсэн. Одоогоор #ЖДҮ_эрхлэгчид, ар гэртэйгээ нийлээд 300-400 иргэний өдөр тутмын орлоготой шууд холбоотой байна. Халамж харж суухын оронд ажил хөдөлмөр эрхлэх гэсэн #эгэл_жирийн_иргэдээ хөөж туух, хавчиж боох, өдөр тутмын орлогыг нь таслах нь буруу гэж бид үздэг. Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, иргэн \компани\-ийн гурван талт гэрээ хийж, түрээсийн төлбөрөө Нийслэлийн төрийн санд тушаадаг. Одоогийн байдлаар гурван талт гэрээтэй буюу #албан_ёсны_зөвшөөрөлтэй 40 ТҮЦ, 3 хөөсөн чихэр, 10 зайрмаг, 13 хүүхдийн тоглоомын үйлчилгээ, 2 дугуйн түрээс, 7 дартс ажиллаж байна. Бид 2021 оноос эхлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн #стандарт тогтоон, #шалгуур тавьж, #хяналт шалгалтаа чангатган #хамтран ажиллаж байгаа.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2010-2018 оныг хүртэл шорлог хийдэг 20 орчим цфэг байсныг 4 болгож #5_дахин_цөөлсөн.
Дөрөв. Ногоон хөрөнгө оруулалтыг дэмжсэн шиг дэмжиж байгаа юу?
2010 оноос, одоог хүртэл улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 23 тэрбум төгрөгийн тохижилт хийгдсэн бол, гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд 3,4 тэрбум төгрөгийн тохижилт хийгджээ. Сүүлийн 2 жилд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Ерөнхий төлөвлөлтийн дагуу ногоон байгууламж бүтээх, тохижуулах #10_тэрбум төгрөгийн гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт татахаар бид хэлэлцэн тохироод байна. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар яригдаж эхэлсэн үеэс одоог хүртэл гадаад, дотоодын, төр, төрийн бус #30 гаруй байгууллага хөрөнгө оруулж, тохижилт, ногоон байгууламж хийж хамтран ажиллажээ. Зарим жишээ дурдахад #дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд ЦЕГ-ын “Цагдаа талбай”, 2014 онд “Шри Чинмойн талбай”, 2016 он ХХЕГ-аас “Сүлдэт багана талбай”, 2017 онд “JCI талбай”, 2018 он МХБХ-ны “Дайчин чанар, тэсвэрийн талбай” байгуулсан. #Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргаа “Сөүлийн талбай”, 2018 он БНХАУ-ын “Миний ботаник гарден” хийгдсэн зэргийг дурдаж болно.
Тав. Хүмүүс амрах, хүүхэд тоглох орчин
Цар тахлаас үүдэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г зорьдог хүний тоо 5 дахин өсөж, хүйтний улиралд өдөрт 5-9 мянга, дулааны улиралд өдөрт 10-15 мянга орчим иргэн амарч зугаалж байна. Олон мянган иргэний #эрэлт_хэрэгцээ өсөж буй ачааллаа харгалзан ая тухтай, амрах орчин бүрдүүлэн үйлчлэх бодит #шаардлага дагаад нэмэгдсэн. Алхаж байгаа хүн амраад суух сандалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй, хүүхэд залуучууд, хөгшид настандаа тохирсон орчин нөхцөлтэй байж аялал, амралтын бүс болно. Хүүхэд, залуучууд зөвхөн урагшаа хараад алхаад л байхыг хүсдэггүй, тоглож наадах, спортоор хичээллэх дуртай. Ийм бодит хэрэгцээ шаардлагын дагуу 2018 оноос эхлэн хүсэлтээ тавьсан “Таванбогд” группийн 1,1 га талбайд хүүхдийн тоглоом, залуучуудын спорт, урлагийн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, гэр бүлээрээ амрах нөхцөлийг бүрдүүлэх #2,5_тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санаачилгыг хүлээн авч хамтран ажиллаж байна. #Хууль, #журмын дагуу худалдаа, үйлчилгээ хийхгүй, барилга барихгүй, зөвхөн усжуулалтын системтэй ногоон байгууламж бүтээх гэрээ байгуулж, зураг, тооцоог нь баталсан. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д орж буй хувийн хэвшлийн #анхны томоохон хөрөнгө оруулалт. Хувийн компаниуд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Төсөвт хүлэгдэхгүйгээр хувийн компаниудын нийгмийнхээ төлөө оруулах хувь нэмэр, урам зоригийг хугалах вий гэдгээс бид болгоомжилж байна. Мод тарьж ургуулан Улаанбаатарын иргэдийн ундны усыг хамгаалж, хүчилтөрөгч үйлдвэрлэж, хамтдаа эрүүл орчныг бүтээхийн төлөө бид ажиллах болно.
Зургаа. Хөшөөг яаж буулгах вэ
2021 онд өнгө үзэмж нь муудсан #15_хөшөөг буулгаснаас болж хөшөөний эзэн байгууллагуудад нь эд хөрөнгөд нь халдсан гэж бид хэсэг буруутгагдсан. Тэмцэж байж #25_хөшөө дурсгал, барималтай үлдсэн. 2014 онд хөшөөний уралдаан хийгээд шалгарсан, шалгараагүй бүх хөшөөгөө “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай дээр байршуулсан байсан. Төр, хувийн байгууллагуудын бэлэг тэмдэг лого бүхий, алдартнуудын дүр бүхий хөшөө тавих хүсэлтүүд жилд хэдэн зуугаар ирдэг. Бид чадлынхаа хэрээр хязгаарлаж, цэвэрлэж байгаа.
Эцэст нь:
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” мэдээж Хүүхдийн парк #биш. Тэр тусмаа хүүхдийн паркийн газар шиг тал талаас нь хэмлэж тасдахыг хэрхэвч #зөвшөөрөхгүй. Ундны усны эх үүсвэрийг хамгаалж, Улаанбаатар хотдоо цэвэр агаар бэлэглэж байхын тулд 85 хувьд нь мод, зүлэг, цэцэг, ногоон байгууламжтай байх хууль, журмаа бид #ягштал баримтлах болно. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бол улс төрийн тайз #биш. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бол ургуулж, бүтээх ажлын талбар мөн.
НИТХ-ын төлөөлөгч,
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Үнэнбатын ОЮУНЗУЛ
2023.04.19

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *