Халтуурчид нэртэй хүчиндэгч нарыг зоригтой цэгцлэе…
Манай улсаас өөр дэлхийн аль ч улсад бүртгэлгүй, татвар хураамж төлдөггүй хэрнээ такси үйлчилгээнд гардаг, дуртаа цагтаа гарч, хаа хамаагүй сэлгүүцэн хүн хайж явдаг, тогтсон үнийн тарифгүй, үйлчлүүлэгчээ харж байгаад дураараа тарифаа тогтоодог “халтуурчид” нэртэй такси үйлчилгээ эрхлэгчид гэж байдаггүй.
Сүүлийн үед ийм хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид дунд гэмт хэргийн сэдэлтэй үйдлүүд гарах нь нэмэгджээ. Үйлчлүүлэгчээ халамцуу согтуу байгаар нь далимдуулж дээрэлхдэг, дээрэмддэг, бүлэгдэг бусдыг хүчирхийлдэг, бүр сүүлдээ хээр аваачиж амь насыг нь егүүтгэдэг гэх зэрэг Эрүүгийн гэмт хэрэг эдгээр бүртгэлгүй таксичид дунд гарах боллоо.
Тухайлбал: Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгдэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тиймээс энэ байдлыг зоригтой өөрчлөх цаг одоо болсон. Хэдийгээр нийслэлийн нийтийн тээрийн үйлчилгээ нь ачаалаа даахгүй, хүртээмж нь хангалтгүй энэ цаг үед хувиараа такс үйлчилгээ эрхэлдэг “халтуурчид”-ын хэрэгцээ шаардлага байгаа нь үнэн боловч ийм байлаа гээд хэн дуртай нь таксинд гардаг явдлыг зогсоох цаг болсон.
Ингэхдээ хувиараа такси үйлчилгээ эрхлэх явдлыг бүрэн зогсоох, хориглох байдлаар биш, төрийн нэгдсэн бодлого гаргаж, журамлаж байдлаар зохицуулалт хийх нь зөв. Ингэснээр үгүй ядаж машинаа угаагаагүй, хир хөлс үнэртсэн, салон суудлын бүрээс нь тамхины утаанд нэвширсэн, яриа өдөөд хэл ам сугалчих гээд байдаг жолоочтой, дуртай үнээ хэлж мөнгө нэхдэг, өгөхгүй гэвэл хэл амаар доромжилдог, айлган сүрдүүлдэг, халамцуу согтуу хүний гар утас мөнгө төгрөгийг нь дээрэмддэг нөхдүүд такси үйлчилгээнд явах боломжгүй болно.
Цаашлаад энэ чиглэлд гарах гэмт хэргийг бүрэн зогсоох боломж бүрдэнэ. Тиймээс энэ ажлыг Хотын шинэ удирдлагын баг нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Халтуур хийх нэрээр өдөржин хотоор сэлгүүцэж, мөнгө л олж байвал бусдын эрх ашгийг юун чинээ боддоггүй байдлаар олон жил явж ирсэн хувийн таксичид гэх нэр зүүгчид болох гэмт хэрэгтнүүдийг зоригтой цэглэх цаг болжээ …