Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах эцсийн шийдэл нь хотуудыг тэнцвэртэй хөгжүүлэх асуудал
УИХ-ын чуулган үргэлжилж буй. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр МУ-ын ЗГ болон Улаанбаатар хотын хэрэгжүүлж буй ажлын нэгдсэн мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Дүүжин тээврийн тухайд сүүлийн 3 жил зогсонги байдалтай байсан. С.Амарсайхан дарга байх үедээ эхлүүлсэн. Төслийн тухай олон нийтэд эргэлзээ, шүүмжлэл гараад хотын удирдлага, сангийн яамд ковидын үе таарсан байсан учир дүүжин тээвэрт төслийн асуудал шийдэгдэхгүй явж байсан. Үүнд би сайдаар томилогдсон 9 сараасаа эхлээд нийтийн тээврийн дүүжин замын тээврийн төслийн зогссон ажлыг гүйцээж явуулья хэмээн барьж авсан. Л.Оюун-Эрдэнэ сайд юу хэлж байгаа вэ гэхээр олон улсын байгууллагатай тохирсон гэрээ хэлцэл ёсоор гүйцэтгэж байх ёстой, за гэсэн бол хийх ёстой.
Худлаа хэлж гацаадаг зарчмаар ажил явуулахгүй гэсэн зарчим баримталж байгаа. Би ч гэсэн энэ нийтийн тээвэр, дүүжин замын төсөл түгжрэл бууруулахад стратегийн хувьд ач холбогдолтой, зөвхөн автобус метро бус бүх чиглэлээр тээврийн хэрэгслийн төслүүдийг дэмжих ёстой. Түгжрэлтэй дэлхий нийтээр тэмцэж байна. Дэлхийн дахинд замын түгжрэл нь эдийн засгийн өсөлт, хүн амын өсөлттэй холбон тайлбарладаг бол манайд газрын наймаа, хот төлөвлөлт нэгдсэн бодлогогүй гэх сөрөг талаасаа үр дагавар их бий.
Том хотуудад томрох тусам л түгжрэл ихэсдэг, индекс нэмэгддэг. Дүүжин замын тээврийн хамгийн боломжтой буюу хоёрдугаар шугамыг сонгож аваад ирэх онд ашиглалтад оруулна гэх тохиролцоо хийсэн. Миний хувьд Францын талтай уулзсан. Цагт 1200-1500 хүн тээвэрлэнэ гэх тооцоотой байгаа. Дотроо халдаг суудалтай. Нэг удаад 15-20 хүн багтана. Дүүжин тээврийн кабинаар явах нь 35 автобусаар явах агаарын бохирдол багасгах тооцоололтой байна.
Метроны тухайд 10 гаруй жилийн өмнө Жайкагийн хийсэн судалгаа байдаг юм билээ. 1.5 мяллард доллар зарцуулагдана гэж яригддаг. Энх тайвны өргөн чөлөө гэж ярьдаг. Гэвч мэргэжлийн хүмүүс ярихдаа Энхтайвны өргөн чөлөөний доор шугам сүлжээ ойр, гүнд хийхэд зардал нэмэгдэх, ойр орчмын барилгажилтад эрсдэлтэй гэх үнэлгээ дүгнээд өөр хэлбэрүүдийг эхний ээлжинд тавих санал тавьсан. Үндэсний хорооны тухайд метрог үгүйсгээгүй. Одоогийн ханшаар 3 тэрбум долларт метро баригдана. Тасралтгүй барина гэхэд дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. Метроны асуудалд олон хүн асуудал тавьж байгаа. Метротой болъё гэж сүүлийн 10 жил ярьж байна.
Бидний хувьд метроны тухай шууд авч хэрэгжүүлэхээс илүү нийтийн тээвэр, дүүжин тээвэр гэх мэт зүйлсийг хөгжүүлээгүй байж метро барина гэдэг учир дутагдалтай. Метро барилаа гэхэд нийтийн тээврийн маш сайн сүлжээтэй байх ёстой. LRT гэдэг нь метротой ижил зарим хэсэг нь ил, зарим нь далд явдаг. BRT нь тусгай замаар хийгдэх учир илүү хурдан хийгдэх боломжтой. Метро маш их зардал, хугацаа шаардсан ажил. Гэхдээ үгүйсгэхгүй байгаа.
Газрын гүнд ухаад зам тавьсан байхад метро барих амархан гэж ярьдаг ч ажиллагаатай. Цаашид метроны асуудлаар цэгцтэй байр сууриа илэрхийлэх шаардлагатай. Аль үе шатанд метро хийх вэ гэдгээ оновчтой сонгох хэрэгтэй. Унадаг дугуй, явган хүний замаа бүх төрлөөр хөгжүүлэх шаардлагатай байна.
Түгжрэлийг бууруулах асуудал нийслэл улаанбаатар хот, бусад хотуудыг тэнцвэртэй зөв хөгжүүлэхтэй л холбоотой. Эцсийн шийдэл нь. Ерөнхий сайдын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот хөдөөгийн сэргэлт”, Аж үйлдвэрийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, бидний гол зорьж буй Алсын хараад нийцсэн бодлогыг явуулах. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөг сэргээх нь чухал байна. Увс аймагт ажил, амьдрал сайн байвал хот руу нүүж ирэхгүй. Орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд ипотекийн зээлийн 3 хувийг олгох, бизнесийн зээл татварын хөнгөлөлт үзүүлье гэж байна.
Дээр нь эхнээсээ Өмнөговь аймаг технологийн сургууль, коллежийг нээнэ. Тэнд 100 оюутан, 10 багш ажиллахаар болж байна. Мөн удахгүй төрийн эрхт байгууллагаас бусад байгууллага өөр газарт байрлаж болох гэж байна. Дарханд зарим агентлагийг шилжүүлэх асуудлаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах бодлогын нөлөө тал нь төвлөрлийг бууруулах буюу хот хөдөөгийн сэргэлт, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн асуудал. Макро түвшний том асуудлуудыг би энд детальчилж ярьж байна. Энэ нь өөрөө том асуудлууд учраас улс орны төсвийн, хөрөнгө оруулалтын төрийн удирдлагын асуудлуудтай холбоотой ” гэв.