Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Түүний дараа Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаар танилцуусан юм.
Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гээд төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийтдээ 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.
Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 8 бодлогын тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээнд нийтдээ 13.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс, улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн боловсрууллаа хэмээн танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засгийн өсөлтөд таатай боломж бүрдсэн. Энэхүү өсөлтөөр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэр бүрдэж байна вэ, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хэрхэн хийх вэ зэрэг асуултуудыг асуув.
Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, ирэх онд эдийн засаг 6-7 хувиар өснө гэж тооцоолж байна. Өнгөрсөн жилүүдийн цар тахлын нөлөөгөөр хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан. Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна. Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэж хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүд Дарханы арьс ширний цогцолбор, Алтанбулаг чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил олон жил яригдсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тухай, аялал жуучлалыг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх талаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон заалтууд тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
Эдийн засгийн хөгжлийн нэг гарц бол эрчим хүч буюу дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн. Гэхдээ эрчим хүчний тарифийн шинэчлэлийг хийхгүйгээр цааш явах боломжгүй гэж Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.
Мөн дулааны цахилгаан станц барих хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар онцолж, бусад эрчим хүчний үүсвэрийг судалж буй тухай танилцуулсан.
Гэхдээ хүрэн нүүрст түшиглэсэн цахилгаан станц барих санхүүжилт олох магадал маш бага. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан “ногоон” хөрөнгө оруулалтыг чухалчилж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Т.Доржханд нарын гишүүд гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн дулааны цахилгаан станц барих, боомт дагасан зам, суурьшлын бүсийг хөгжүүлэхэд ямар бодлого чиглэл баримталж буй талаар асууж байв.
Ч.Хүрэлбаатар сайд, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхсон хэвээр байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын салбараа зөв тодорхойлох зэрэг биднээс шалтгаалах асуудал бий. Мөн Монгол Улс дэлхийн зах зээлд зэсийн гол тоглогч хэвээр байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг онцгойлон анхаарна гэв. Асуулт, хариут өндөрлөсний дараа Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг үзэл баримлалтын хувьд дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Улсын Их Хурлын даргын 2022 оны 198 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээг даалгав.
Тухайлбал, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох саналыг aвч ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн ойлголт, талуудын оролцоо, олон нийтийн хяналт, өмчийн удирдлагын талаарх баримт, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн өмчийн компанийг байгуулах, удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, ногдол ашгийг хэрхэн хуваарилдаг талаарх гадаад орны сайн туршлагыг судалж, хуулийн төсөлд тусгах зэрэг үүрэг даалгаврыг өгч, тогтоолын төслийг баталлаа.
Түүний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав. Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг баталсан.
Тухайлбал, Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тоггоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хоёрдугаарт, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж, тайланг Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулахаар тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.
Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хөрөнгийн зах зээлийн өсөлт нэмэгдэж байна. Энэ өсөлтийг хэрхэн хадгалах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Хөрөнгийн биржийн бүртгэл тайланг ил тод байх зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөл буюу шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарган мөрдүүлж эхэлжээ. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр зохих хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эрх зүйн орчинг сайжруулахад ажиллаж байгаа талаараа Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсгээс хариулж байв.
Түүний дараа Үндэсний статистикийн хорооны мөн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Д.Батдаваа тайлангаа танилцууллаа. Тэрбээр, бид ирэх жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон “Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна гээд үйл ажиллагаагаа цахимжуулах зорилт тавьж, статистикийн мэдээллийг эрхлэн гаргах арга ажиллагааг бүрэн автоматжуулаж, тооллого, судалгааны мэдээллийг утсаар болон веб аппликейшнээр цуглуулах аргыг ашиглан цуглуулж, мэдээллийн чанарыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна гэв.
Тэрбээр цааш нь хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 297.0 мянган өрх, 2.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан тухай танилцуулсан. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлснээр “Open Data Watch” олон улсын байгууллагаас дэлхийн 192 орны статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн 2022 оны үнэлгээгээр Монгол Улс Зүүн Азийн бүсэд тэргүүлж, дэлхийд 8 дугаар байрт орсон амжилт гаргасан гэв.
Мөн 2023 онд төрийн байгууллагуудад байгаа нэгдсэн стандартгүй, уялдаагүй салангид мэдээллийн сангуудыг уялдуулах, холбож нэгтгэх замаар төрийн өгөгдлийн нэгдсэн санг бий болгох төслийг хэрэгжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны ажлын тайланг тодорхой хэмжээгээр үнэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.