|

Улсаас “уяатай” зээлжих зэрэглэл

Хөгжлийн банканд өрнөж буй үйл явдал зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын анхааралд байна

Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын орчин улам бүр даяарчлагдаж байна. Улс орнууд мөн санхүүгийн байгууллагууд урьд өмнө байгаагүйгээр нягт хамтын ажиллагаатай болж байгаа энэ цаг үед зээлжих зэрэглэл нь тухайн улс, байгууллагын үйл ажиллагаа, урт хугацааны ирээдүйг үнэлдэг хамгийн чухал дүн болсон. Зээлжих зэрэглэл нь өндөр байх тусам тухайн зээлдэгч дотоод болон олон улсын бондын зах зээлээс хөрөнгө оруулалтыг таатай нөхцөлөөр татах боломжтой. Тийм учраас бонд гаргаж буй аливаа этгээдийн хувьд (хувь хүн, компани, муж эсвэл орон нутгийн засаг захиргаа, мөн мэдээж улс) зээлжих зэрэглэлээ өндөр тогтоолгох нь асар чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Хөгжлийн Банк зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын гурван том агентлагаас В, B3 буюу тогтвортой төлөвтэй хэмээн үнэлэгдэж байна. Тодруулбал, “Standard & Poor’s” (S&P) болон “Fitch” агентлаг B/тогтвортой, “Moody’s” B3/тогтвортой түвшинд хэвээр үлдээхээр болсон юм.

Тухайн үед эдгээр байгууллага Хөгжлийн банкийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон бусад Засгийн газрын баталгаатай гэрээ хэлцлүүдийн хүрээнд Засгийн газрынхаа дэмжлэгийг авах бүрэн боломжтой, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чухал үүрэгтэй Засгийн газрын хамаарал бүхий байгууллага гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй адил түвшинд тогтоож ирсэн.

Монгол Улсын Хөгжлийн банк 2015 онд Стандарт энд Пүүрс агентлагаар анхны зээлжих зэрэглэлээ “В+” /сөрөг/ буюу Монгол Улсын Засгийн газартай ижил түвшинд тогтоолгож байв.

Тухайн үед Хөгжлийн банкийг Засгийн газраас дэмжлэг авах бүрэн боломжтой чухал үүрэг бүхий цорын ганц 100 хувь төрийн өмчит бодлогын банк мөн Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтцийн томоохон төслүүдээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа учраас ийн тогтоосон тухайгаа дурдсан байдаг. Үүнээс гадна Хөгжлийн банкны оролцоог аль нэг арилжааны банк орлох боломжгүй гэдгийг онцолсон.

Харин 2016 онд “В-”/тогтвортой/ болгон бууруулсан. Шалтгаан нь төсвийн гүйцэтгэл болон эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв. Аливаа банк санхүүгийн байгууллага, ААН-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь улсынхаа Засгийн газрын зэрэглэлээр хязгаарлагддаг буюу өндөр тогтох боломжгүй байдаг тул ижил түвшинд болгож бууруулсан гэсэн үг.

2018 онд  Монгол Улсын төсвийн гүйцэтгэл сайжирч, зарцуулалтын хатуу хяналт болон эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдсэн учир зээлжих зэрэглэлийг буцаан “В” /тогтвортой/ болгон өсгөсөнтэй зэрэгцэн Хөгжлийн банкны зэрэглэлийг мөн адил түвшинд ахиулсан. Хамгийн сүүлд буюу 2022 онд В3 /тогтвортой/ хэвээр үлдээв. Хөгжлийн банкийг 100 хувь төрийн өмчит Монгол Улсын цорын ганц хөгжлийн болон экспорт-импортын банкны чухал үүргийг хэрэгжүүлэгч бодлогын банк учир ийнхүү үнэлсэн.

Хөгжлийн банк 2015 онд Мүүдис агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээг Монгол Улсын зэрэглэлтэй адил түвшинд буюу “В2” /сөрөг/ гэж үнэлүүлсэн.

Харин 2017-2018 онд Засгийн газрын шууд болон шууд бус өрөө эргэн төлөх чадварын тодорхойгүй байдал, урт хугацаанд үргэлжилсэн төсвийн алдагдал болон өсөлтийн сул төлөв нь Засгийн газрын өрийг өндөр түвшинд хүргэсэн тул Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Саа1” /тогтвортой/ түшинд буулгасан. Хөгжлийн банкны зэрэглэлийг мөн адил түвшинд бууруулав.

2018 онд улсын зэрэглэлийг В3 болгон ахиулсан. Шалтгаан нь Засгийн газар өрийн удирдлагыг хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулсан мөн ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

2022 онд дээрх зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрыг шаардлагатай үед Хөгжлийн банканд санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн зохицуулалттайг харгалзан үзэж үнэлгээг тогтоосон байдаг.

Фитч агентлаг анх 2018 онд “В” /тогтвортой/ түвшинд үнэлж 2022-2023 онд В /тогтвортой/ хэвээр үлдээсэн.

Ингэхдээ активын чанарын асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд улсынхаа хөгжлийн бодлогын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг цорын ганц бодлогын банк учир  Засгийн газрын дэмжлэгийг шаардлагатай тохиолдолд авах бүрэн боломжтойг онцолсон.

Харин “Банкийг дэмжих Засгийн газрын дэмжлэг өөрчлөгдөж сулрах, банкны бодлогын үүрэг хариуцлага буурах, банкан дахь эзэмшлээ Засгийн газар эрс багасгах зэрэг эрсдэл үүссэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулахыг” анхааруулсан юм. Гэхдээ ийм эрсдэл ойрын ирээдүйд үүсэхгүй гэж үзэж буй учраас зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа “Fitch” онцолсон билээ.

2023 оны гуравдугаар сарын 27-нд тус байгууллага Хөгжлийн банкны үнэлгээг хэвээр үлдээж буйгаа дахин нотолсон. Энэ бол сайн мэдээ. “Зээлийн эргэн төлөлтийг хангуулах нь 2023 оны хувьд тус банкны гол зорилго байх болно. Эс бөгөөс хөгжлийн шинэ төслүүдийн санхүүжилтийг шийдэх тус банкны боломж хязгаарлагдана” гэж уг мэдэгдэлд дурдсан юм.

Ийнхүү Хөгжлийн банканд өрнөж буй үйл явдал олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын анхааралд байна. Ийм нөхцөлд өндөр дүнтэй, чанаргүй, муу зээлүүдийг эргэн төлүүлэх, санхүүгийн суурь үзүүлэлтүүдэд анхаарах, институцийн шинэчлэл зэрэг нь Хөгжлийн банкны гадаад имиж, зээлжих зэрэглэлд ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа юм. Зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдсэн гэж тайвшралгүй, улам сайжруулахын төлөө хичээх үүрэг хариуцлага бас бий.

Гэхдээ Хөгжлийн банкны олон улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд тус байгууллага дангаар анхаарч ажиллах боломжгүй. Тус банкны зэрэглэл нь Монгол Улсын зээлжих зэрэглэлээс ихээхэн хамааралтайг дээрх гурван байгууллагын үнэлгээ, дүгнэлтээс харж болно. Тэгвэл санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн онолоор тухайн улсын зээлжих зэрэглэлийг үнэлэхэд нэг хүнд ногдох ДНБ, авлигын түвшин, инфляц, төсвийн тэнцэл, ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн урт хугацааны өсөлт зэрэг 10 гаруй хувьсагч нөлөөлдөг. Хөгжлийн банкны хүчин чармайлтаас гадна Засгийн газрын үүрэг оролцоо зээлжих зэрэглэлд нь ихээхэн ач холбогдолтой гэсэн үг. Банк хэчнээн сайн ажилласан ч улс нь, Засгийн газар нь санхүүгийн сахилга батгүй бол зээлжих зэрэглэлийг Засгийн газраас өндөр тогтоох боломжгүй.

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *