“Монгол”-ын шигтгээ Т.Солонго-Уянга гэж хэн бэ?
Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан “Монгол” хэмээх дэлгэцийн ээлжит бүтээлээ өнгөрсөн сарын 28-наас үзэгчдэд хүргэж буй. Тус киноны гол дүр буюу “шигтгээ” дүрд загвар өмсөгч Т.Солонго-Уянга тоглосон юм.
Тэрбээр санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. 2014 оноос “Шилмэл загвар” агентлагт суралцаж, 2018 оноос загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өмнө нь Орос, Хятадад ажиллаж байсан, одоо Лондон хотод ажиллаж буй бөгөөд түр хугацаагаар эх орондоо ирээд буй юм. Энэ талаараа, “Миний бодлоор хүн хайртай, дуртай зүйлээ хийвэл түүнээсээ маш их аз жаргал, эрч хүч авч, илүү хайрлаж, дурлаж хийдэг. Ямар ч тохиолдолд, ядарсан ч бай, эсвэл хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн түүнийг аз жаргалтайгаар өөртөө хүлээж авдаг юм шиг санагддаг. Одоогийн байдлаар мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй моделиор ажиллах нь надад сайхан байна” хэмээжээ.
“Монгол” уран сайхны кино түүний тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл юм. Тэрбээр “Монгол” киноны Сэрчмаагийн дүрд тоглосон тухайгаа, “Өмнө нь киноны санал авч байгаагүй. Эл киноны саналыг авах үед баярласан ч юм уу, эсвэл айсан ч юм уу, ямар нэг мэдрэмж ерөөсөө төрөөгүй. Харин натурт гарах өглөө нь гэнэт ухаан орсон юм шиг “Би нээрэн кинонд явах гэж байгаа юм байна” гэж бодоод, олон мэдрэмж зэрэгцэж төрсөн. Тэр дундаас айдас нь илүү ч гэх юм уу. “Одоо би явах гэж байгаа юм байна шүү дээ. Юу хийчихэв ээ” гэж бодох шиг. Тийм мэдрэмж илүү зонхилж байсан. Харин нээлтийн өдөр киногоо үзэж гарч ирээд, кино группийнхэнтэйгээ уулзахад үнэхээр гоё байсан. Олон сар, хоног уулзаагүй хүмүүстэйгээ дахин уулзахад яг л зураг авалтын үе шигээ хайр дүүрэн мэдрэмжийг авсан. “Би нээрэн ямар том зүйлийн нэгээхэн хэсэг болоо вэ. Ямар мундаг хүмүүстэй хамтран ажилласан юм бэ. Ингээд бид киногоо нээчихлээ” гэсэн бахархах мэдрэмж төрсөн” гэсэн юм.