|

СУРВАЛЖИЛГА: Иргэд шүүхээр хэрэг шийдвэрлүүлэхийн тулд 2-5 цаг хүлээж, хэргийн материалтай танилцах өрөөгүйгээс эрх нь зөрчигдөж байна

Хүн амын нягтаршил зэргээс шалтгаалан хэрэг маргаан, хэргийн ээдрээтэй байдал, хэргийн оролцогчдын тоо жилээс жилд өсөж байгаа ч шүүхийн орчин нөхцөл сайжрахгүй, хүрэлцээ муу байгаагаас иргэд хохирсоор, эрх нь зөрчигдсөөр байна.

         Гэвч энэ талаар төр засгаас анхаарч байгаа зүйл алга. Тиймдээ ч өдгөө Монгол Улсын шүүхүүдийн дийлэнх нь шаардлага хангахгүй, зориулалтын бус, тэр ч байутай түрээсийн нурж унах шахсан байранд шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна. Энэ байдал эмгэнэх хэмжээнд хүрсэн нь нууц биш. Тиймээс ч бид өмнө нь Хан-Уул дүүргийн Иргэнийй хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг сурвалжилж олон нийтэд мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны бодит нөхцөл, үйл ажиллагааны талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр 11 цаг 30 минут:

        Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэг байранд үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа ачаалал их байдаг талаарх мэдээллийг сонсож байв. Харин биднийг тус шүүхийн байранд очих үед төсөөлж байснаас хөл хөдөлгөөн бага байлаа. Учрыг тодруулбал, тус шүүх нь шүүх хуралдааны хоёр танхимтай учир даваа, баасан гарагт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, мягмар, пүрэв гарагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, харин лхагва гарагт шүүх хуралдааны танхимаа хувааж, нэгдүгээр давхарт Эрүүгийн шүүх хурал, хоёрдугаар давхарт Иргэний шүүх хурал явуулдаг гэдгийг тус шүүхийн албаны хүн тодотгосон. Бидэнд энэ мэдээлэл энгийн мэт сонсогдож байхыг үгүйсгэхгүй. Харин  манай улсаас бусад улс оронд энэ байдлыг сонсоод ёстой л олны хэлдгээр хөх инээд нь хүрнэ гэдэгтэй маргах хүн үгүй биз.

2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр 11 цаг 51 минут

         Тухайн өдрийн 09 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд хурал нь зарлагдсан 20 орчим иргэн, өмгөөлөгч нар шүүх хурал болох танхимаа сулрахыг хүлээж суух. Тэд “Гарч кофе уугаад ирвэл амжих болов уу”, “Нөгөөхөө дуудахгүй бол хоцрох вий”, “Агаар муутай болохоор толгой өвдөөд байна. Эм байна уу”, “Энэ хурал нь хэзээ дуусах бол” гэхчлэнгээр өөр хоорондоо ярьж суух нь цаана л нэг гунигтай. Тэд хэзээ товлосон хурал нь орохыг үл мэднэ. Хэрэв шүүхээс гарч явсан хойгуур хурал нь эхэлвэл шүүх хурал дундуур орох боломжгүй учир ийнхүү шаналж суухаас өөр сонголтгүй гэдгээ иргэд хэлж байлаа.

         Мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэд ийнхүү шүүх танхим хүлээж цаг хугацаа алдахаас гадна хуралдаа орсон үед шүүх танхим жижиг, зай талбай бага зэргээс шалтгаалан олон цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр шүүх хуралд оролцогчдын биеийн байдал муудах, тэр ч байтугай эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах тохиолдол ч гардаг байна. Түүнчлэн хэргийн материалтайгаа танилцах өрөө тасалгаа байхгүйгээс хэргийн материалтай тухтай танилцах боломжгүй байдаг аж. Үүнээс үүдэж эрх нь зөрчигддөг гэдгийг ч иргэд болон өмгөөлөгч нар учирлаж байв.

2023 оны тавдугаар сарын 3-ны 13 цаг 25 минут: 

         Хэдийнээ цайны цаг болжээ. Гэвч тэнд цайндаа явсан шүүгчийн туслах алга. Бүгд өөр өөрийн чиг үүргээ ажлаа хийж харагдав. Зарим нь иргэдэд хэргийн материал танилцуулах бол, нөгөө хэсэг нь хэргийн оролцогч нарыг дуудах зэргийг мэдэгдэж утас цохих аж. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын туслахууд шүүх шүүхээрээ нэг өрөөнд байрлаж, ажил үүргээ гүйцэтгэдэг байна. Зай талбай бага зэргээс шалтгаалан хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцаж үедээ бухимдаж, шүүгчийн туслахуудыг үг хэлээр доромжлох, бал, цаас шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг талаар шүүгчийн туслахууд хэлж байлаа.

          Ийм л орчинд өнөөгийн шүүх үйл ажиллагаа явуулж, үйлчилж байгаа нь шүүгч, шүүгчийн туслах, үйлчлүүлж буй иргэд, өмгөөлөгч нарын эрхийг зөрчигдөж байна. Тиймээс энэ байдлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, шүүхийн орчин нөхцлийг сайжруулахгүй бол иргэдийн эрх зөрчигдсөөр байх нь.

Сэтгүүлч: Б.Батчимэг

Эх сурвалж: isee.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link