“Хорин минутын хот” буюу нэг цөмөөс олон төвт мегаполис нийслэл тийш
Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж хөдөө орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавилаа. Нэн түрүүнд Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг нийслэлийн удирдлагуудттай хамтран хийхээр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны байгууллагын ажилтнуудтай хоёрдугаар сараас эхлэн уулзаж санал солилцон нөхцөл байдалтай биечлэн танилцаад Төрийн ордонд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форумыг зохион байгууллаа. Түүнээс өмнө ингэж дүүргүүдийн гэр хороолол бүхий хороодоор биечлэн явж, жирийн иргэдийн амьдралтай тулж ажилладаг анхан шатны ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, үйл ажиллагаатай нь танилцсан Ерөнхий сайд байсангүй.
Ийнхүү уулзаж ярилцах үед хөндөгдсөн гол сэдэв бол мөнөөх л авто замын түгжрэл, хөрс, агаарын бохирдол, явган хүн явахад учрах саад бартаа, халтиргаа гулгаа, өвлийн цагт хөгжлийн бэрхшээлгүй иргэдийг бэрхшээлтэй болгож, бэрхшээлтэйг нь хойд насанд нь үдэж мэдэх хөлдүү гялгар хавтангууд, халтиргаа гулгаа, зундаа ус зайлуулах системгүйгээс шалтгаалж түр зуурын борооноор үерт автаж усаар цалгих гудамж, замууд, энэ хаврын шар усны их халиа, тошин, захын хорооллуудын гэрэлгүй харанхуй гудамжууд, хүйтний улирлын утаа униар, гуу жалганд овоорсон хур хог, ажилгүйчүүд, залхуучууд, архичид, мансуурагчид гээд дуусаж дундаршгүй олон асуудлууд.
Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн төв рүү очилгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ 15-20 минутад хүрч, төр, нийгмийн олон төрлийн үйлчилгээг авдаг болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтууд дээр хэлж явав.
“Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Бүсчлэл гэдэг нь эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүргүүдэд хийсэн уулзалтууд дээр онцолж байлаа.
Нэгдсэн форум дээр өчигдөр үг хэлэхдээ “Сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой байсан” хэмээн Ерөнхий сайд дүгнэсэн юм.
Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь дээр буюу багахан газарт байрладаг. Гэвч улсын нийт хүн амын 47.6 хувь энэ л тохмын чинээ газарт бөөгнөрч, ДНБ-ний 63 хувийг үйлдвэрлэж байна. Орон сууцжуулахын тулд юуны түрүүнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдвэрлэх ёстой. Бас ундны усны нөөцөө ч арвилах учиртайг сануулах хэрэгггүй биз.
Тохмын чинээ газрын алга дарамхан хэсэг нь нийслэлийн гол төв болох Их, Бага тойруу. Гэтэл Бага тойруугийн 86 га газар буюу Улаанбаатарын нутаг дэвсгэрийн 0.2 хувьд төрийн 51 байгууллага, Их тойруугийн 770 га газарт төрийн 140 байгууллага төвлөрөн оршдог. Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хороолол эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Улаанбаатар хот нэг цөмт хотоос олон төвт мегаполис нийслэл тийш тэмүүлж байна.
Нийслэл хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг Азийн Хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Хөтөлбөрийн хэрэгжилт Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гурав дахь шатанд Толгойт, Шархад дэд төвд хэрэгжих бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.
Дүүрэг дотроо төвлөрлийг багасгаж байгаа бодит жишээ тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвд бий. Газар нутаг томтой, 300 гаруй мянган хүн амтай тус дүүргийн Баянхошуу дэд төв нь иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг инкубатор төвтэй болоод гурван жил орчмын нүүр үзэж байна. Дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэг салбар нь Баруунсалаанд, Эрчим хүчний иргэдэд үйлчлэх төв Баянхошууны тойрогт, тэндээс холгүй баруун талд нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Инкубатор төв, Баянхошууны шинэ эцэст Цагдаагийн тасаг гээд тус дүүргийн хойд талын хороодын оршин суугчид заавал Сонгинохайрхан дүүргийн төв, эсвэл хотын төв оролгүйгээр үйлчилгээ авах боломж хангагдаж, түгжрэлийг сааруулахад ч нэмэртэй, иргэд цаг заваа хэмнэхэд ч тустай зүйл болсон. Үнэхээр л 20-30 минут дотор Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалааны иргэд төрийн үйлчилгээг авдаг болсон нь “Хорин минутын хот” бодлого амьдралд хэрэгжиж буйн нэг жишээ юм.
Сэлбэ дэд төвийн бүсэд хамаарах 12 мянган айлыг ирэх жилээс нүүлгэн шилжүүлж тухайн бүс орчмыг орон сууцжуулах ажлыг бонд гаргаж шийдэхээр болжээ. Шархаданд дараагийн том төсөл хэрэгжүүлэх бондыг тун удахгүй Сингапур, Хонгконг зэрэг улсуудад танилцуулах ажээ. Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөж, жишиг болгоно хэмээн Засгийн газар, нийслэлийн удирдлага хэлж байгааг онцлох учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форум дээр хэлсэн үгэндээ “Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр их сургуулиудыг орон нутгууд руу шилжүүлнэ гэж ярих нь утгагүй. Энэ бол хувиа хичээлт.1960 онд нийслэл дөрвөн районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.
Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар “20 минутын хот” болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно. Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, Туул голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86 га газарт байгаа Их Тойрууг Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд туннель гаргая гэдэг зоригтой Ерөнхий сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна” гэж байлаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлбэл шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэх талаар Монгол Улсын Засгийн газар үзэж байгааг форумын дүгнэлт болгон ярилцсан юм.
Нийслэлд тулгамдсан уул овоо мэт олон асуудлын нэг нь хүн амын хэт төвлөрөл. Үүнийг шийдвэрлэх талаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн хуульд дагуул хотуудыг байгуулан хөгжүүлэх талаар тусгасан байдаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Шинэ Зуун мод зэрэг дагуул хотууд байгуулах нь тулгамдсан ажлын нэг болоод байгаа. Уг нь босгож чадвал бурхны дутуу бүтээсэн сэрэг дүрээс цаашгүй орхигдсон Майдар сити гэж төсөл бий. Тэдгээрт 200 мянга гаруй хүн оршин сууж нийгэм, эдийн засгийн шинэ суурьшлын бүсийг цогцлоох төлөв байдаг. Дагуул хотуудад олон улсын эдийн засгийн чөлөөт бүс, худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулж банк, санхүүгийн байгууллага, биржүүд ч төвлөрөх боломжтой юм.
Төвлөрлийг сааруулахаас гадна олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ орших Шинэ Зуун мод дагуул хотод бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийг богино хугацаанд гаалийн баталгаат агуулах, худалдааны чөлөөт бүсэд татан авчрах үйлчилгээг нэвтрүүлэх боломж бий. Тэнд хүлээн авсан бараа, ачаа тээшийг кодоор дамжуулан шалган нэвтрүүлэх дамжлага, гаалийн баталгаат агуулах, хил дамнасан цахим худалдааны төв зэрэг бүхэл бүтэн иж бүрдэл системийг цогцлооно. Тэр бүхнийг дагаад ажлын байрууд олширно. Шинэ Зуун мод дагуул хот наад зах нь худалдаа, ложистик, тээврийн томоохон зангилаа бүс болно. Шавыг нь хэдэн жилийн өмнө тавьсан “Богд хан” төмөр зам ч холгүй өнгөрнө. Ингээд дагуул хотоо хөгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэл, утаа униар багасах боломж дүүрэн бий.
Эх сурвалж: ZINDAA.MN