Д.Амарбаясгалан: Авлигын хэрэгт холбогдсон гишүүдийг МАН нэр дэвшүүлэхгүй
ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
-Улс төрийн намууд хэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж эхэлсэн мэдээлэл байна. МАН энэ асуудлаа хэзээ тодорхой болгох вэ?
-МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна.
МАН -ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна.
-УИХ-ын сонгууль нэр дэвшигчид тавьж байгаа гол шалгуур юу вэ. Олон нийтийн санал асуулгаар шийднэ гэвэл хэрэг төвөгт нэр холбогдсон байсан ч дэвшүүлнэ гэсэн үг үү?
-Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн хууль МАН -ын дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг ойлгомжтой заалт байгаа.
МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа. Хоёрдугаарт, салбар сегментийн төлөөллийг жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангадаг болъё гэдэг зорилго агуулж байгаа.
Парламент 126 гишүүнтэй болж, жагсаалтаар 48 гишүүн парламентад орох нөхцөл бүрдсэн үед нийгмийн сегментийн төлөөллийг парламентад оруулах нь хамгийн чухал ач холбогдолтой.
УИХ -ын гишүүн гэдэг шийдвэр гаргадаг дарга биш. Олон нийтийг төлөөлөөд нийгмийн амьдралын зохицуулалтыг хийх хууль эрх зүйн орчныг бүрэн баталгаатай болгох чиг үүрэгтэй байдаг учраас салбар бүрийн төлөөлөл орох нь чухал байдаг. Энэ төлөөлөл бүрэн хангагддаггүй учраас хууль эрх зүйн орчин дутагдалтай гардаг, амьдрал дээр нийцдэггүй гэдэг шүүмжлэл байнга гарч байгаа. Тийм учраас МАН жагсаалтаар болон тойрогт нэр дэвших нэр дэвшигчдийг дээрх шалгуур үзүүлэлтээр шигшиж, хангаж авч явна.
Нэг тойрогт олон мандат хуваарилагдаж байгаатай холбоотойгоор нэг намаас нэр дэвшигчдийн дунд зөрчил их үүсдэг. МАН тодорхой дүрмээр хязгаарлана. Олон нийтийг төлөөлөх гээд багаараа очиж байгаа нэр дэвшигч эв түнжингүй байх нь зохисгүй үйлдэл учраас хязгаарлах нь зүйн хэрэг гэж үздэг.
Сонгуулийн тогтолцоог ч зөв ойлгох ёстой. 10 нэр дэвшигчээс нэгийг нь сонгодог тогтолцоо биш, нэр дэвшигчдээс 10 мандатад нь тааруулж сонгодог тогтолцоо учраас хоорондын эв түнжин, илүү мэргэжлийн байх ёстой гэдгийг аль ч улс төрийн намаас нэр дэвшигчид анхаарах ёстой.
-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ, МАН?
-Жагсаалтаар нэр дэвшигчийн улс төрийн намд өгч болох хандивын дээд хэмжээг хуулиар заасан.
Мөн Аудитын байгууллагаас нэг улс төрийн намын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ, нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. МАН дотооддоо санхүүжилтээ босгох, хандиваа ил тод болгох дээр онцгойлон анхаарч ажиллана.
Саяхан сонгуулийн зардалтай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, энэ тухай ярьсан. Өмнө нь нэг аймаг, нэг тойрогтой байхад сонгуулийн зардал бага байсан бол нэг бүс нутгийн хэмжээнд сонгууль зохион байгуулахаар зардалд зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүсч байна гэж үзсэн. Тийм учраас СЕХ -ны зардалд тодотгол оруулахаар ажиллаж байна. Нэг аймагт нэр дэвшиж байсан хүний зардал гурван аймагт нэр дэвшихээр зардал өсч байгаа. Тэгэхдээ хуульдзаа захирагдаж ажиллана.
-Малжуулах хөтөлбөрийн санхүүжилт хаанаас гарах вэ?
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр тодорхой эх үүсвэр байна. Гэхдээ тэр эх үүсвэр өмнөх жилүүдэд малгүй болсон малчин өрхөд 5-8 сая төгрөгийг хүүгүйгээр урт хугацаанд зээлдэг. Малчид цөөн тооны мал худалдан авч, 5-10 жилийн хугацаанд зээлийн дарамтаас гарах, амьжиргааны төвшинд хүрэх малтай болно . Нэгдүгээрт, малчин арилжааны банкнаас зээл авахын тулд 500 болон түүнээс дээш малтай болох. Өдөр тутмын асуудлаа шийдэхэд олон тооны малтай болох шаардлага байгаа. Гурван хониор 50 кг гурил авч байна гэдэг нь малчид илүү олон тооны малтай байж амьдрах нөхцөл бүрдээд байгаа. Малаа хагас эрчимжсэн байдал руу нь оруулъя, Засгийн газар бодлого гаргаж өгөөч гэж ярьж байна.
Тэгэхгүйгээр жил бүрийн зуданд мал хорогддог. Малгүй болсон айл амьдрахын тулд хот барааддаг. Энэ жил 16 сая, дээд тал нь 20 сая толгой мал хорогдох эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарчсан байгаа цаг үед 20 мянган малчинөрх амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрх рүү шилжих эрсдэл үүссэн учраас Засгийн газраас шуурхай арга хэмжээ авах ёстой. Тэр 20 мянган айл Улаанбаатар хотод ирж, амьдралаа залгуулах хэмжээнд хүрэхгүй байх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлнэ. Тэгэхийн тулд хоорондоо хорших, хөнгөлөлттэй зээлээр, хот айл хэлбэрээр малаа хагас эрчимжүүлсэн хэлбэр лүү шилжүүлэх, өөрсдөө өвс тэжээлээ хангалттай бэлтгэдэг байх, цас зудыг өөрсдийн хүчээр даван туулдаг чаддаг болох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь энэ удаагийн малжуулах хөтөлбөрийн үндсэн зорилго байна.
Малчдад өнөөдөр маш хүндрэлтэй байгаа зүйл нь жилийн 20-24 хувийн хүүтэй зээлээр амьдралаа залгуулж байна.
Та бид цалингаа аваад Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлөөд амьдраад байж болж байна. Тэгтэл малчид 20-24 хувийн хүүтэй зээлээр амьдарч байгаа. Нөхцөл маш хүнд. Бизнесээр нь ярих юм бол маш ашиг багатай бизнес. Хамгийн өндөр хүүтэй зээлээр амьдрах гэж үзэж байгаа нөхцлийг Засгийн газар харгалзан үзэж, УИХ-тайгаа хамтарсан бодлого хэрэгжүүлэх цаг хугацаа ирсэн гэж үзэж байгаа.