Хүчний дасгалжуулагчтай 43 бөхөөс допингийн хориотой эм бэлдмэл илэрчээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгээс “Допинг ба спортын авлига” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “Монгол үндэсний бөхийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Магалжав үндэсний бөхөд тулгарч буй асуудлын талаар илтгэл танилцуулав.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар заал танхим, үндэсний баяр наадам, явцын гэх мэтээр нийт 517 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Үүнээс 43 бөх допингийн зөрчил гаргасан.Дээрх 43 тохиолдлыг дүгнэвэл нэг бөх амьсгалын замын эмчилгээнд хэрэглэх бодис, гурван бөхөөс бодисын солилцоог идэвхжүүлэгч, үлдсэн 39 бөхөөс булчингийн масс нэмэгдүүлэгч анаболик стеройд хэрэглэсэн нь тогтоогдсон. Булчингийн массыг нэмэгдүүлэх стеройдоос гадна бэртэж гэмтсэн үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахгүйгээр хүчтэй эм бэлдмэл хэрэглэснээ цөөнгүй бөхчүүд тайлбарлаж байна. Энэ нь допингийн талаар мэдлэг дутуу байгаатай холбоотой.Бөхчүүдийн хүчний дасгалжуулагч гэж нэрлэсэн хүмүүс хориотой эм бэлдмэлд уруу татаж байгаа гэсэн мэдээлэл бөхийн холбоонд байнга ирдэг. Энэ нь үндэслэлтэй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, допингийн зөрчил гаргасан дээрх 43 бөх хүчний гэх 4-5 багшийн удирдлагад бэлтгэл хийж байсан. Хичээллэх үед тэднээс допингийн хориотой эм бэлдмэл илэрсэн” гэсэн юм.