|

Монголын эдийн засаг энэ онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна

Монголын эдийн засаг энэ онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна (Gogo.mn)

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв эдийн засгийн тайлангийн энэ оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарт өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8 хувийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.1 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6 хувиас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа юм. Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна. Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах, КОВИД-19 цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсэж халдварын шинэ давлагаа бий болох, ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах, дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах болон нүүрсний оффтэйк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх зэрэг болно.

Хятадын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх төлөвийг Австралийн засгийн газар тооцоолжээ (Ikon.mn)

Австралийн засгийн газар өчигдөр эрчим хүч, эрдэс баялгийн зах зээлийн ирээдүйн төлөвийг танилцуулжээ. Тухайлбал Хятад улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх ч гадаадаас импортлох хэрэгцээ нь үүнээс өмнө буюу 2030-аад оны үед дуусах төлөвтэйг дурджээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Хятад улс аажмаар нүүрсний хэрэглээгээ бууруулж, энэ үед зөвхөн дотоодын олборлолтоор хангах хэмжээнд хүрнэ гэж дүгнэсэн байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Австрали улсаас нийт 3.1 сая тонн нүүрс Хятадад нийлүүлжээ. Үүний ихэнх хэсэг нь коксжих нүүрс байсан байна. Үүнээс гадна 2.8 сая тонн нүүрс Хятадын боомтууд дээр хүлээгдэж байгаа ажээ. Гэхдээ энэ нь 2019 онд сар бүр дунджаар 7-8 сая тонн нүүрс нийлүүлдэг байсантай харьцуулахад бага хэмжээ юм. Хэдийгээр хориг цуцлагдсан ч цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй гэж Австралийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь дэлхий даяар геополитикийн сөргөлдөөн эрчимжсэнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Өрнөдийн орнуудаас аливаа түүхий эдийн хараат болохоос болгоомжлох хандлага юм байна. Үүнээс гадна Монгол зэрэг улсын экспортолдог нүүрсний үнэ өртөг Австралийнхтай харьцуулахад хямд байгааг бас дурджээ. Ерөнхийдөө Австралийн эрчим хүч, эрдэс баялгийн Хятад руу чиглэсэн нийт экспортын хэмжээ 2021-2022 онд $94 тэрбумд хүрсэн нь дэлхийн бусад улс орнуудаас хол тасархай үзүүлэлт юм.

Их Британийн банкнууд крипто компаниудтай ажиллахаас болгоомжилж байна (Bloombergtv.mn)

Лондонд төвтэй “Savingblocks” крипто компани есөн өөр банканд байгууллагын данс нээлгэх хүсэлт гаргасан ч долоо нь татгалзсан байна. Банкнууд ийнхүү крипто компаниудтай хамтран ажиллахаас болгоомжилж байгаа нь Ерөнхий сайд Риши Сунакийн жил гаруйн өмнө зарласан Их Британийг дэлхийн крипто зах зээлийн төв болгох зорилтод томоохон сорилт болж байна. Түүнчлэн Их Британийн дижитал хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын татсан хөрөнгө оруулалт 2023 оны эхний улиралд 94 хувиар буурч, 55 сая ам.доллар болсныг “Pitchbook” судалгааны байгууллагын дата мэдээлэл харуулж байгаа юм. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байх эрсдэл, зохицуулалтын орчны тодорхойгүй байдлын нөлөөгөөр дэлхийн томоохон банкнууд крипто компаниудад үйлчилгээ үзүүлэхээс болгоомжилсоор ирсэн юм. Ингэснээр АНУ л гэхэд “Silvergate Bank” болон “Signature Bank” зэрэг жижиг банкнууд тус салбарын фирмүүдтэй хамтран ажиллаж, их хэмжээний ашиг олсон байна. Харин өнгөрсөн онд “FTX” бирж болон “TerraUSD” тогтвортой койны уналтын улмаас дээрх банкнууд “Silvergate” крипто нэгжээ хааж, их хэмжээний алдагдал хүлээсэн аж. Мөн “Signature” банкийг Холбооны зохицуулагчид гуравдугаар сард үйл ажиллагааг нь зогсоон, бүрэн хяналтдаа авсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *