|

Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 286,990,994 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,692 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH 14.98%), Силикат ХК (SIL +14.96%), Хай би ойл ХК (HBO +13.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -7.23%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.98%), Таван толгой ХК (TTL -4.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 28,898 ширхэг нэгж эрхийг 15,961,129 төгрөгөөр арилжлаа.

Энэ өдөр нийт 302,952,123 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.73% хувиар буурч, 37380.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,666,865,190,390 төгрөг боллоо.

“Говь” ХК-ийн цэвэр алдагдал I улиралд өмнөх оны мөн үеэс 57 хувиар буурав (Bloombergtv.mn)

2023 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Говь” ХК болон охин компаниуд нь гурван тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласныг мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үед 7.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласантай харьцуулбал 57 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд тус компани 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Өмнөх оны мөн үед 25.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулбал ойролцоогоор 60 хувийн өсөлт үзүүллээ. Тус компани урт хугацаандаа гадаад зах зээлд түлхүү анхаарч, цахим худалдаанд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлээд байна. Түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа ажээ.

Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсжээ (Bloombergtv.mn)

Оны эхний улиралд бүх төрлийн тээврийн орлого 705.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдсэнээс гадна агаарын тээврийн зорчигч урсгал өссөнтэй холбоотой аж. Тухайлбал: I улиралд агаарын тээврийн орлого 3.7 дахин, авто замын тээврийн орлого 2.6 дахин нэмэгдсэн бол төмөр замын тээврийн орлого 71 хувиар өссөн байна. 2022 оны эхний хоёр улирлын хугацаанд нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан бол II улирлаас эргэн сэргэснээр ачаа тээвэр хэвийн болсон юм. Зорчигч тээврийн хувьд 2023 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 31.3 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд нийтийн тээврээр зорчигчийн урсгал давхардсан тоогоор хоёр сая хүнээр буурсантай холбоотой аж. Үүнээс гадна агаарын тээврээр оны эхний улиралд 229.3 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт боллоо. Оюутолгой, Сөүл, Бээжин, Токио, Хөх хот чиглэлийн нислэгийн зорчигчийн тоо өссөн нь үүнд нөлөөлжээ.

АНУ цахилгаан станцуудын хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлана (Bloonbergtv.mn)

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа байгалийн хий болон нүүрсний цахилгаан станцуудын хүлэмжийн хийн ялгаралд хязгаар тогтоохоор төлөвлөж байна. Ингэснээр АНУын цахилгаан эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал 2040 он гэхэд бүрэн арилах боломжтой гэж тооцоолжээ. Цагаан ордон Байгаль хамгаалах агентлагийн хуулийн төслийг хянах эцсийн шатандаа явж байгаа юм. Энэхүү төсөл шинэ болон одоо ажиллаж буй цахилгаан станцуудад аль алинд нь хамаарах ажээ. Нүүрсний цахилгаан станцууд АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлын хоёр дахь гол эх үүсвэрт тооцогдож байна. Энэ нь Байгаль хамгаалах агентлагийн цахилгаан станцуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хоёр дахь удаагийн оролдлого юм. Өнгөрсөн онд АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үеийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг шатах түлшнээс ангижруулан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх журмыг хэрэгсэхгүй болгосон байна.

Европын орнуудын батлан хамгаалахын төсөв хүйтэн дайны эцсээс хойших хамгийн өндөр дүнгээр өсөв

2022 онд Украины дайны улмаас Европын орнууд цэрэг армийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлснээр дэлхийн улсуудын батлан хамгаалахын зарцуулалт дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зарцуулалт 3.7 хувиар өсөж, 2.24 их наяд ам.доллар давсан гэж “SIPRI” буюу Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн тооцоолсон байна. Жилийн өсөлтийн тал орчим хувийг Украины батлан хамгаалахын төсөв бүрдүүлснийг судалгаа харуулж байгаа аж. Түүнчлэн цэрэг зэвсгийн төсөв Европ даяар өсөөд байгаатай зэрэгцэн Зүүн Азид ч мөн хурцадмал байдлын улмаас зарцуулалт нэмэгдсэнийг шинжээчид онцолжээ. Ингэснээр төв болон баруун Европын улсуудын батлан хамгаалахын зарцуулалт анх удаа 1989 оны түвшнийг давсан байна. Энэ нь дэлхий хүйтэн дайны үетэй төстэй нөхцөл байдал руу шилжиж буйн дохио болж байгаа аж. Финланд болон Швед улс батлан хамгаалахын төсвөө хамгийн өндөр дүнгээр өсгөсөн улс орнуудын эгнээнд жагсаад байна. Тухайлбал: NATO-ийн 31 дэх гишүүн улс болоод буй Финланд байлдааны “F-35” онгоцнуудыг худалдан авснаар батлан хамгаалахын төсөв нь өнгөрсөн онд 36 хувиар өсжээ. Бусад цэргийн эвслийн гишүүн орнуудын төсөв 2021 оноос 0.9 хувиар өсөөд байгаа аж. Харин Ойрх Дорнодын хувьд Саудын Арабын зарцуулалт 16 хувиар өссөнөөр дэлхийд батлан хамгаалахын төсвөөрөө тавдугаарт бичигджээ. Мөн зэвсгийн нөөцөө тэлэхээр зорьж буй Катар улсын батлан хамгаалахын төсөв 27 хувиар өссөн аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *