Монгол Улсын Хөгжлийн банкны 12 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, ажлын хамт олон Та бүхэндээ Монгол Улсын Хөгжлийн банкны 12 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Дэлхий нийт цар тахал, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн тогтворгүй онцгой цаг үеийг даван туулахтай зэрэгцэн Хөгжлийн банк 2022 онд зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг ил тод болгон, чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулах томоохон сорилттой тулгарсан хэдий ч үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэхээр зорьж ажиллалаа.
Хөгжлийн банкны үйл ажиллагааг тогтворжуулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг засан сайжруулж эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжүүдийг үе шаттайгаар төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ онд зээлийн эргэн төлөлтөд өмнөх оны адил онцгой анхаарч, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, тэргүүлэх салбарыг дэмжин ажиллах болно.
Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулахад хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй ажлын хамт олон, чанаргүй зээлийг бууруулж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд, олон нийт Та бүхэндээ талархал илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Н.МАНДУУЛ