БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нар БНСУ-аас Монгол Улсад сууг​аа Элчин сайд Ким Жун Гүг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын дээд шүүх 2003 оноос хойш хамтран ажиллаж, есөн удаагийн сургалтад 81 шүүгч, захиргааны ажилтан оролцоод байгаа талаар Ерөнхий шүүгч танилцуулаад салбар эрх зүйн асуудлаар сургалт зохион байгуулах чиглэлээр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКA)-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим платформ нэвтрүүлэх, технологийн бааз бүрдүүлэх зорилгоор КОЙКА-тай хамтран ажиллах төсөл боловсруулж, Сангийн яаманд хүргүүлснийг дурдаад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд цахим урсгалыг бий болгох ач холбогдолтойг онцлов.

БНСУ-аас Монгол Улсад сууг​аа Элчин сайд Ким Жун Гү хоёр улсын шүүхийн байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэв. Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх ажиллагааг хялбарчлах ач холбогдолтой цахим платформ нэвтрүүлэх төсөл чухал ач холбогдолтойг онцлоод БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКA)-аас Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг судлахаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, БНСУ-ын Элчин сайдын яамны Улс төр хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак Инжон нар байлцлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *