Хүчтэй шуурганы улмаас Сэлэнгэ аймагт сургуулийн дээвэр хууларч, 40 орчим айлын хашаа нуржээ
Сэлэнгэ аймгийн нутагт цасан болон шороон шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.
Энэ талаар ОБЕГ-аас “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг өчигдөр 22:37 цагт хүлээн авсан байна.Шуурганаар ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, нэг дэлгүүр, нэг айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан..35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг ирүүлээд байна” гэв.