Н.Учрал: Хуулиар нээлттэй байх ёстой 25 сангийн мэдээллийг ил болгоно
ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд дөрвөн тусгай сангийн талаар мэдээлэл хийлээ. Үүнд:
Мэдээлэл ил болгосон 4 санд:
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Эрүүл мэндийн даатгалын сан
- Ирээдүйн өв сан багтаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн зарим мэдээлэл дутуу байгаа учир лхагва гарагт ил болгох аж.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын зургаадугаар сарын 1-нийг хүртэл өгсөн албан даалгавар биелүүлэх ажил үргэлжилж байна. ЦХХХЯ-нд харьяалагддаг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хөрөнгөөр санхүүждэг, санг удирддаг бүтэц бүрэлдэхүүнгүй, улсын төсвөөс санхүүждэггүй.
2009-2022 онд 484 хуулийн этгээдээс 47.4 тэрбум, үүнээс мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг 225 хуулийн этгээдээс 41.5 тэрбум, радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 446 сая, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92 сая, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчээс 72,2 сая төгрөг бүрдүүлсэн. Үүгээр 2009-2022 онд алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулж, дэд бүтцийг сайжруулсан. Оператор компаниуд багуудад шилэн кабель тавихад өөрсдийн зардлаар санхүүжүүлэх боломжгүй учир энэ сангаас санхүүждэг. Өнгөрсөн хугацаанд 1639 багаас 1226-д харилцаа холбооны 3G, 4G сүлжээ хүргэсэн. Аймгаар нь байршил гаргаж, дэд бүтцийн мэдээллийг ил болгож, сангийн үйл ажиллагааг хянах хүрээнд нээлттэй болгож байгаа. Одоогоор улсын хэмжээнд шилэн кабел ороогүй 4 сум үлдээд байгаа. Цаашид харилцаа холбооны шинэ дэд бүтэц бий болгохыг зорьж байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
Олон байгууллагаас мэдээлэл цуглуулж, боловсруулан, иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах гэж хичээлээ. 2000-2023 оны хооронд Чингэлтэй дүүрэгт олгосон, 35 мянга орчим газрын мэдээллийг бид нэмж байршуулав. Өмнө нь 7 дүүргийн газрын мэдээллийг ил болгосон бол дахин хоёр дүүргийг нэмлээ. Багануур, Налайхад сүүлийн 2 жилийн газар олголтын мэдээлэл ирээгүй. Нийт 310503 газар олголтын мэдээллийг ил болсон.
Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд 2018 оноос өмнөх мэдээлэл НДС-гийн бүрэлдэхүүн хэсэгт байгаа. Одоогоор 2018-2022 оны хоорондох орлого, зарлагыг мэдээллийг ил тод болгожээ. Тухайлбал, өнгөрсөн оны жилийн эцэст 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд санхүүжилт олгосон. 3092 байгууллага хэдэн онд хэдэн төгрөгийн санхүүжилт авснаа жагсаалтаар нь байршуулсан. Үүнд эмнэлгүүд, эмийн сангууд хамрагдаж байна. Тус сангийн мөнгөн хөрөнгийг 2018-2022 оны хооронд 11 банкинд байршуулсан. 23.19 хувь нь Төрийн сан, 14.89 хувь нь Төрийн банк, 14.51 хувь нь Хаан банк, 11.9 хувь нь Худалдаа хөгжлийн банкинд байршсан байна. 68.42 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцах буюу 0-18 насны хүүхэд, тэтгэвэр авдаг иргэд, хүүхдээ асарч байгаа иргэд эзэлж байна. 23.8 хувь нь ажил олгогчоос хариуцан төлөх иргэд, 7079 хувь нь өөрөө төлдөг иргэд байна.
Ирээдүйн өв санд 2017 оноос хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрүүлж эхэлсэн. Сангийн орлого 2022 оны жилийн эцэст хуримтлал нь 22.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Хүүхдийн мөнгөнд өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг зарцуулжээ.
Сангийн яаманд харьяалагддаг Төсвийн тогтворжуулалтын сан 2022 оны жилийн эцсийн байдлаар хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төсвийн алдагдлыг нөхөх замаар улсын төсвийг тогтворжуулж, бусад орны адилаар төрийн үйл ажиллагаа явуулж байна.
Мэргэжлийн боловсрол эзэмших сангийн мэдээлэл дутуу, зарим оюутны овог нэр дутуу ирсэн тул бид энэ удаад ил тод болгоогүй. Хуулиар нээлттэй байх ёстой 25 сангийн мэдээллийг ил болгох Ерөнхий сайдын албан даалгавар хэрэгжиж байна. Албан даалгаврын хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Цаашид Засгийн газрын тусгай сангуудын менежментийг сайжруулах ажлыг хэсэгт Ч.Хүрэлбаатар сайд багтсан. Мөн УИХ-ын гишүүн Ганхуяг энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулж байна.
Зарим санд эргэн төлөх үүргийг хуулиар олгоогүй буюу буцалтгүй тусламж олгох зорилготой сан ч байна. Төр ийм сангаар дамжуулах тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэв.