“Боловсрол судлаачдын холбоо” ТББ-ын захирал Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн ял авч байжээ
“GS25”-ийн худалдагчтай зүй бус харилцаж, биед нь халдсан бичлэг нь цацагдаад буй Дорлигийн Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн ял авч, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр гарчээ.
Тодруулбал, Д.Нямааг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэргээр 10 жил нэг сарын хугацаатайгаар хорих ялаар, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох заалтаар хоёр жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэжээ.
Тэрбээр диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг хуурамчаар үйлдэн 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан аж. Тодруулбал, эд мөрийн баримтаар Д.Нямаагаас 18 мэргэжлийн диплом, 27 мэргэжлийн үнэмлэх, 31 ширхэг сертификат, хичээлийн материал, гарын авлага, хичээлийн дэвтэр, магистрийн дипломын ажил, Миний багшийн ном, кассын ордер /24-40 гэж дугаарласан/, Спирт бал бурам ХХК гэсэн бичигтэй хөх дэвтэр зэргийг хураан авч байжээ.
Түүний цагдан хоригдсон 474 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцсон учир Д.Нямаа нь саяхан суллагдсан байна.
Тэрбээр “Монголын боловсрол судлаачдын шинэ холбоо” НҮТББ-ыг 2018 онд байгуулжээ.Үйл ажиллагааны чиглэлээ боловсрол, нийгмийн салбарт хийж буй шинэчлэлт, өөрчлөлтийг бүх талаар дэмжин хөгжүүлэх, сургалт судалгаа, хийхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх хэмээн тодорхойлсон байна.