Хүүхэд хүчирхийлүүлж, зэрэмдэглүүлсэн тохиолдлыг тоолсоор л суух уу, эсвэл…
Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн болон амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн гэх сонсоход ч бие эвгүйцэм жигшүүрт хэргүүд шил шилээ даган гарсаар байна. Ялангуяа сүүлийн үед хойд эцэг нь хүүхдээ сэхээнд ортол зодсон, цаашлаад төрсөн дүүгээ, охиноо хүчирхийлсэн гэх цочирдом хэргүүд олны сэтгэлзүйг түгшээгээд байна. Гэвч энэ бидний амьдарч буй нийгэмд яг одоо болж буй болон болоод өнгөрсөн хэргүүд юм.
Магадгүй ихэнх хэргийг бид тухайн үедээ л шуугиад хэдийн мартчихсан. Бидний загасны гэмээр ой санамж, түүнчлэн тэмцэж чаддаггүйн гор иймэрхүү гаж донтон алуурчдыг гэмт хэргээ хийх боломжоор хангаад байгаа гэмээр. Хамгийн харамсалтай нь цэцэг шиг үрсээ хайхрахгүй орхиж, цаашлаад хамгийн аюулгүй орчин гэгддэг орон гэртээ “найз” нэртээ араатангуудыг авчирч архидан согтуурснаас ихэнх жигшүүрт хэргүүд гарч буйг албаныхан онцолж буй.
Тун удахгүй "Хүүхдийн баяр" болно. Гэвч хүүхдийн эрх нь жалганд байдаг ардчилсан улсын иргэд бид энэ өдрийг ууттай бэлэг, хөгжим цэнгээн сэлтхэнээр дараад өнгөрүүлэх үү. Өдөр бүр жигшүүрт хэргүүд үйлдэгдэж байна. Тэдгээр хэргүүдийн 10 хүрэхгүй хувь нь л олонд мэдээлэгдэж, сошиалаар цацагдахад түгшиж байна. Ийм нийгэм өнөөдөр бий болоогүй. Бидний эцэг эх, эмээ өвөөгийн үед ч байсаар ирсэн. Харин сайн нуусан уу, сэтгэлээ хуурсан уу гэвэл тийм. Өнөөдөр миний таны бидний хүүхдийг хэн нэгэн гаж донтон шүлсээ залгиад анаж байхыг үгүйсгэхгүй. Хүчирхийллийн эсрэг дуу хоолойд нийгэм даяараа нэгдэж байгаа ч илүү хүчтэй дуугарч хүлээх хариуцлага, ялыг улам чангатгах шаардлагатай байна.