Хамгаалалтын хувцас өмсгөөгүйгээс унаач хүүхдийг гэмтээсэн уяачийн зорчих эрхийг хязгаарлав
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэн “Ц” нь энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр өөрийн их насны морийг 12 настай хүүхдээр унуулах явцад тухайн хүүхэд биедээ хүнд гэмтэл авсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уралдаанч хүүхдийг даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэглэл өмсгөөгүй, насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг зөрчиж хурдан морь унуулж, бусдын эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд “Ц”-г гэм буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Түүнчлэн хохирогч хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгчээр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.