Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийн реформыг дэмжсэн УИХ-д талархлаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Юуны өмнө шинэ 30 жилийн реформыг дэмжсэн УИХ-д талархсанаа илэрхийлье. Системийн авлигыг бүхэлд нь халах “5Ш ажиллагаа”, Боомтын сэргэлтийн эдийн засагт нөлөөлсөн таатай үр дүн гарч байна. Тухайлбал манай улсын эдийн засаг 2020 онд -4.6 хувиар агшсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Энэ бол хоосон тоо биш. Эдийн засгийн өсөлтийн нэг хувь нь ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Ийнхүү эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн. Оны эцэс гэхэд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ” гэв.