УИХ-ын дарга Г.Занданшатар цалин, тэтгэвэр нэмэгдэхэд дагадаг үнийн өсөлтийг тооцохыг анхаарууллаа
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төсөлтэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад хуулийг богино хугацаанд үр дүнтэй хэлэлцэн батлахын тулд дараах асуудлуудад анхаарах чиглэл өгөв.
- Төлбөрийн тэнцэл энэ оны дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 286,1 сая ам.долларын ашигтай гарсан. Ингэснээр 3 тэрбум 850 сая ам. долларын валютын нөөц бүрдсэн байна. Зэсийн үнэ эхний дөрвөн сарын дунджаар 8928 ам. доллар, алтны үнэ 1917 ам.долларт хүрч, 2023 оны төсөвт төсөөлснөөс өндөр гүйцэтгэлтэй явж байгаа. Гэхдээ цаашид түүхий эдийн үнэ буурах чиглэлтэй гэж үзэж байгааг харгалзан үзэх шаардлагатай.
- Монгол банк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах ажил техникийн шатдаа амжилттай явагдаж байна. Энэхүү гэрээг дахин гурван жилээр сунгаснаар богино хугацаанд гадаад өрийн дарамт буурч, валютын нөөцийн түвшин хадгалагдах, валюттай харьцах төгрөгийн ханш тогтворжих зэрэг өндөр ач холбогдолтой.
- Цалин, тэтгэвэр, тэтгэмж үндсэндээ бараг 1,5 их наяд төгрөгөөр тэлэхэд эдийн засагт нөлөөлөх үнийн өсөлтийг зөв тооцоолж, төсөв мөнгөний бодлогоор зохицуулалтууд хийх шаардлагатай гэжээ.
Мөн эхний 5 сарын байдлаар инфляц бол 11,3 хувьтай гарч, өмнөх сараас 1,3 хувиар өсчээ. Үүний 0,9 хувийг махны үнийн өсөлт эзэлж байгаа ажээ.
Улаанбаатар хотын захуудад хонины мах нэг кг нь 16800 төгрөг, үхрийн мах нэг кг нь 22200 төгрөгт хүрсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газар махны үнийн өсөлттэй холбогдуулан зохицуулалтын арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байна.