Алба хаагчид ТАВАН иргэнийг уснаас гаргаж аварчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хаялга” гэдэг газар Хэрлэн голыг таван иргэн явганаар гатлаж байгаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 23:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид 14-39 насны таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.