Бэлтэй дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд “мөнгө хаяж” аархахаа болино

Нэг жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болно. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас зарчмын хувьд ихээхэн ялгаатай.

Нэгдүгээрт ирэх жил бид 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Тодруулбал, 76 гишүүнийг тойргоос сонгодог байсан бол энэ тоо хоёроор нэмэгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгох юм.

Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна” гэх заалтыг нэмж баталсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан.

Тус хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөс эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх, нэр дэвшигчдийн зардлыг бууруулахтай холбоотой заалтууд олон нийтийн анхаарлыг ихээр татаж, нийгмийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд буй.  Эдгээрээс Сонгуулийн тухай хуулиар хэлэлцэж буй сонгуулийн сурталчилгаанд ашиглах зурагт самбар нэгдсэн нэг байна гэсэн зохицуулалтыг олон нийт ихэд сайшааж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснийг,  ямар хүн аль тойрогт нэр дэвшиж байгааг хамгийн эхэнд сонгогчдод мэдээлдэг зүйл нь яахын аргагүй сурталчилгааны самбар юм. Сонгуулийн сурталчилгаандаа ихээхэн хэмжээний мөнгө “хаяж” байгаа нэр дэвшигчдийг таних нэг арга нь хэдхэн метрийн зайтай ойр ойр байрлуулсан том хэмжээтэй сурталчилгааны самбар байдаг. Харин бие дааж нэр дэвшиж байгаа эсвэл төсөв багатай нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар “томчууд”-ын самбарын цаана харагдахтай үгүйтэй байх, эсвэл газар уначихсан байх нь түгээмэл дүр зураг.

Тэгвэл энэ бүхнийг энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар өөрчилж, нэг хороо, дүүрэг, аймагт өрсөлдөж байгаа бүх нэр дэвшигчийн зураг бүхий нэг л сурталчилгааны самбарыг тойргуудад байршуулахаар болж байгаа юм. Ингэснээр 50 метр тутамд “багширалдсан” олон самбар байршуулахаа больж байна гэсэн үг. Тойргийн сонгогчийн тооноос хамаараад суманд ихдээ хоёр, хороонд ихдээ гурван нэгдсэн самбар байршуулах зохицуулалтыг яг одоо хэлэлцэж байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Тойрог тус бүрт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байна. Сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна” хэмээн заажээ. Аль намаас нэр дэвшиж байгаагаас үл хамааран бүх нэр дэвшигч дундаа нэг л сурталчилгааны самбартай байна гэсэн үг.

Ингэснээр нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал буурна. Хоёрдугаарт, хэн их хөрөнгөтэй, хэн их мөнгө “хаясан” нь сонгуульд ялдаг тогтолцоо үгүй болно хэмээн судлаачид дээрх зохицуулалтыг сайшааж байна.

Тухайлбал, сурталчилгааны самбарын зардал хэмээх нэг асуудал нэр дэвшигчдийн “толгойны өвчин” байхаа болих юм. Энэ заалтаас гадна сонгуулийн сурталчилгааны хугацааг ч  багасгаж 18 хоног болгон өөрчилж байгаа нь бас нэг онцлох заалт юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *