Хотын захиргааны шинэ байранд НҮҮЖ ОРОХ ЭЗЭН олдохгүй, 97 тэрбум төгрөг ҮНЭГҮЙДЭВ

Хотын захиргаа буюу НЗДТГ-ын байр, “Хангарьд” ордныг  нүүлгэх   шийдлийг анх Хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж, Баянхошуунд газрыг шийдэж байв. Эл шийдвэр ажил хэрэг болоогүй байхад засаг төр солигдож  Хотын даргаар С.Батболд  ажиллах болсноор Яармагт  барилгын  ажлыг эхлүүлж байв. Гэвч гурван жил зарцуулж,  нийслэлийн төсвөөс 97 тэрбум төгрөгийн  санхүүжилтээр боссон уг барилгад нүүж орох эзэн олдсонгүй. 

Нутгийн захиргааны байгууллагууд нэг дор төвлөрсөн Хангарьд ордныг дуудлага худалдаанд оруулж,  шинэ  байр луугаа нүүнэ гэх мэдээлэл цацагдаж байсан ч саяхан Хотын дарга Д.Сумъяабазар “нүүхгүй” гэдгээ ил шулуун хэлчихсэн.

Татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүллээ, улстөрийн өнгө үзэмжээр асуудалд хандлаа гэх хардлага, шүүмжлэл дагуулсан  Хотын захиргааны байрны барилгын үйл явцыг сурвалжлахаар Яармагийг зорьлоо.

Биднийг очиход Б блокын барилгын ажил үргэлжилж байлаа. Тус бүтээн байгуулалтыг хамгаалж буй хамгаалалтын ажилтан “Дотогш хүн нэвтрүүлэхгүй, Нийслэлээс зөвшөөрөл авч ир. Барилгын ажил саяханаас эхэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй” гээд үүднээсээ буцаав.

УЛСЫН ЗААН Ч.БАТЗОРИГИЙН КОМПАНИ  ТӨСЛӨӨС БҮРМӨСӨН ГАРЧЭЭ 

Уг бүтээн байгуулалтыг “Темпланд” компани Яармагт 50 блок 5 давхар орон сууц барихаар төлөвлөсөн байсан газраасаа зам дагуу 5 га газраа үнэгүй өгч, өөрсдийн барих орон сууцны тоог 25 болгож бууруулсан гэх мэдээлэл бий. Гүйцэтгэгч компани болох “Темпланд” ХХК- ийн захирал болон холбогдох хүмүүстэй холбогдох гэсэн ч утас нь холбогдсонгүй.

Уг нь тухайн үед үндэсний 5 компанийн нэгдэл “Шинэ Яармаг” бүтээн байгуулалтын нэгдлийн захирлаар улсын заан Ч.Батзориг ажиллаж, хотын даргын  хамт тууз хайчилж байсан юм. Түүнтэй холбогдох гэж багагүй хөөцөлдсөний эцэст дүү  н.Пүрэвсайхантай утсаар холбогдов.

Тэрээр “Ч.Батзориг ах  барилгын ажлыг эхлэх үед оролцож байсан. Одоо наад барилгатай чинь хамааралгүй болсон. Өөр компани хариуцаж байгаа. Тэр хүмүүсээс нь тодруул” гэлээ.

97 тэрбум төгрөгийн төсөв бүхий уг байгууламжийн А хэсэг нь 10, Б нь 13, харин иргэдэд нэг цэгээр үйлчлэх зориулалттай В хэсэг нь гурван давхар уг байгууламжид нийслэлийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажилладаг 300 гаруй албан хаагч болон нийслэлийн харьяа 30 гаруй байгууллага, агентлагийнхан нүүж очих учиртай. Хотын захиргааны байрын хотын зах руу нүүлгэвэл нийслэлийн төвийн түгжрэл 20-30 хувь буурна гэсэн тооцоолол гарсан.

Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазар “Надад одоо сууж байгаа өрөө маань хангалттай. Нийслэлийн захиргааг Хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй. Үүний оронд тэнд монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай” гэж мэдэгдсэн.

Үнэхээр монголын технологийн хөгжилд санаа зовж байгаа бол захиргааныхан Яармагийн шинэ байрандаа сууж, мэдээлэл технологийн ажилтнуудаа “Хангарьд” ордонд төвхнүүлэхэд асуудал байхгүй. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчиж байгаагийн дийлэнх нь нийслэлийн захиргаанаас төрөл бүрийн үйлчилгээ  зорилготой байдаг гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл  иргэдийн энэ хөдөлгөөн замын ачааллыг нэмэгдүүлж байна гэж  үзсэн. Тиймээс  хотын захиргааг нүүлгэснээр түгжрэл 30 хувь буурах тооцоог гаргаж байв. 

Гэтэл  Хотын дарга Д.Сумъяабазар огт өөр юм яриад  сууж байна.   “Хотын захиргаа нүүсэн ч түгжрэлд нөлөөлөхгүй, энэ өрөө маань хангалттай” гээд гэдийчихлээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр  ажил гүйцэтгэж буй компаниудын санхүүжилт зогссон, яах учраа олохгүй байгаа гэх.

Хотын дарга Д.Сумъяабазар  барилгыг бүрэн дуусгахад  шаардагдах хөрөнгийг гаргах сонирхол алга уу, эсвэл асуудалд улстөрийн  өнцгөөс үзэмжээр хандаад байна уу? Ямартаа ч   татвар төлөгчдийн 97 тэрбум төгрөг үнэгүйдчихээд байна.

Б.БАЙГАЛЬ 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *