Айлчлал: Газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэдгээ “Роснефть” ХН-ийн захирал И.Сечин мэдэгджээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй зургадугаар сарын 21-ний өдөр уулзжээ.

    Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    Мөн талууд ирээдүйд тохиох эрсдэл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд зайлшгүй үүсэх нөхцөл байдлыг хөндөн ярилцаж, авах арга хэмжээний талаар тохиролцов. Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Талууд хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад  нөхөхөөр тохиров.

    Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд нөөц бий болгох нь чухал үүрэг гүйцэтгэдэг. “Роснефть” ХН-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Монгол Улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулах болсон тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдээд байсан юм. Харин энэ удаагийн уулзалтаар төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу 06, 07 дугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирч чадлаа.

    Уулзалтын үеэр 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Улаанбаатар хотын “Чингис хаан” шинэ нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборт онгоцны түлш нийлүүлэх боломжтой болсонд Монгол Улсын Их Хурал чухал хувь нэмэр оруулсанд Оросын тал талархлаа илэрхийлэв.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечин нар Монгол, Оросын хоёр талын харилцаа сайн хөршийн, найрсаг уур амьсгалд өрнөдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ “Монгол Улс ОХУ-ын хувьд эрчим хүчний стратегийн түнш тул газрын тосны нийлүүлэлтийн найдвартай байдлыг баталгаатай хангах болно” гэдгийг “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечин илэрхийлсэн.

    ОХУ-ын “Роснефть” ХН нь 2005 оноос хойш Монгол Улсын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд тууштай ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийт дүнгээр 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлээд байгаа аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments