Монголын эрдэмтэн Г.Одпүрэв Польшийн хүндтэй шагналаар шагнуулав

Польшийн их аялагч, судлаач Бенедикт Полакийн нэрэмжит 9 дэх удаагийн шагнал гардуулах ёслол БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 24-нд Варшавын их сургуулийн Кажимежовскийн ордны Сенатын танхимд зохион байгуулагдаж, дээрх шагналыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш, зураач, археологч, доктор Ганхуягийн Одпүрэвт олгов.

Доктор Г.Одпүрэв нь Монголын говьд Монгол-Польшийн хамтарсан археологийн судалгааны төслийг удирдан хэрэгжүүлсэнээс гадна, археологи судалгаа, эрдэм шинжилгээний олон ажил, ном бүтээл бичиж, Польшид бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 5 удаа гаргаж, 1245-1247 онд Монголын их гүрний нийслэл Хархорум руу хийсэн Бенедикт Полакийн аяллыг дүрсэлсэн зурагт номыг монгол, англи хэлээр хэвлүүлжээ.

Польшийн Ерөнхийлөгч А.Дуда шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцогсод болон зохион байгуулагчдад хандан ирүүлсэн илгээлтдээ доктор Г.Одпүрэвт баяр хүргээд “Европ, Ази ба Польш, Монголын хооронд танин мэдэхүйн замыг тавьсан их аялагч, судлаач Бенедикт Полакийн нэрэмжит энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын нэрт археологич, соёлын зүтгэлтэнд олгож буй нь чухал холбогдолтой. Польш-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд зүтгэлтэй оролцож, ялангуяа Монголын говьд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан ноён Доктор Танд талархал илэрхийлье. Хоёр сарын өмнө Монголд хийсэн айлчлалынхаа үеэр манай хоёр орны түншлэл хамтын ажиллагаа ямар сайхан үр дүнд хүрч байгаатай биечлэн танилцах завшаан олдсон юм” хэмээн цохон тэмдэглэв.

Элчин сайд миний бие уг шагнал гардуулах ёслолд хүндэтгэл үзүүлэн оролцож, шагнал гардан авсан Доктор Г.Одпүрэвт баяр хүргэв.

Бенедикт Полакийн нэрэмжит уг шагналыг 2015 оноос эхлэн жил бүр олгож эхэлсэн бөгөөд газар, тэнгис далай, агаар, сансарын уудамд хайгуул, судалгааны гарамгай амжилт гаргасан Польшийн болон гадаадын иргэдийг шагнадаг.

Бенедикт Полакийн нэрэмжит 9 дэх энэ удаагийн шагналыг доктор Г.Одпүрэвээс гадна Польшийн биологч, профессор Марта Коланковска, Литвийн Вильнюсийн их сургуулийн ректор, профессор, түүхч Римвидас Петраускас нарт олгосон байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *