Ү.Амарбат: “Сахал” Д.Эрдэнэбилэг хоёрдугаар сард хилээр гараад эргэж ирээгүй
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байсан сахал хочит Д.Эрдэнэбилэг хилээр гараад эргэн ирээгүй байгаатай холбогдуулж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат өнөөдөр /2023.06.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг оргон зайлсан нөхцөл байдалтай байгаа тул мэдээлэл хийж байна.“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ шалгаж байна. АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шийдсэн.Д.Эрдэнэбилэг нь 14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцалсан. Гэтэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ , шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна” гэв.